ЭМЯ: Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй тохиолдол илрээгүй

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй тохиолдол илрээгүй

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Бельги улсаас ирсэн, шинжилгээгээр эсрэг биет илэрсэн иргэний талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Бельги улсаас ирсэн иргэнд давтан шинжилгээ хийж байгаа бөгөөд тухайн иргэн одоогоор ажиглалтад байна. Тэрбээр гаднын улсад аялж байх хугацаандаа халдвар авч, хөнгөн балархай хэлбэрээр өвдөөд эдгэрсэн гэсэн оноштой байсан.

Ирсэн хойноо нэг ч хүнд халдвар тараагаагүй бөгөөд бид ойрын хүмүүст нь шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн тухайн иргэнд дахин коронавирус илрээгүй байна. Түүнчлэн Монгол Улсад ийм тохиолдол өөр бүртгэгдээгүй.

Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос гадна тандалтын шинжилгээг долоо хоногт 80-120 хүнд түүврийн аргаар хийж байгаа.

Түүнээс гадна сайн дураараа хүлээн авахад ирж байгаа хүмүүсийн шинжилгээ гээд нийт долоо хоног тутамд 200 гаруй хүнд шинжилгээ хийж буй. Энэ тандалт судалгаанаас коронавирус илэрсэн хүн байхгүй" гэж мэдээллээ.

Тавдугаар сарын 10-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Өчигдөр ХӨСҮТ-ийн Вируслогийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал, ХӨСҮТ, Дорноговь, Дархан-Уул болон нийслэлийн ажиглах байруудад тусгаарлагдсан нийт 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.

Мөн одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой, дунд, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн хүмүүст хоёр удаагийн давтан шинжилгээ хийсэн. Зарим тохиолдолд нь гурван удаагийн шинжилгээ хийлээ.  Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ гэж эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө