БНХАУ-ын Харбин хот хязгаарлалтаа чангатгажээ

БНХАУ-ын Харбин хот хязгаарлалтаа чангатгажээ

ОХУ-тай хиллэдэг Хэйлунжян мужийн засаг захиргааны төв Харбинд коронавирусийн тархалтыг тогтоон барихын тулд хотын оршин суугчдаас бусад хүмүүсийг нэвтрэхийг хоригложээ. БНХАУ-ын зүүн хойд нутагт байрлах, 10 сая оршин суугчтай Харбин хот нь коронавирусийн халдвар хамгийн их тархаад буй хот болоод байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор хотод бүртгэлгүй гадны оршин суугчид хийгээд тээврийн хэрэгслийг Харбинд нэвтрэхийг хоригложээ.

Үүнээс гадна хотод ирсэн бүх хүнийг 28 хоногийн тусгаарлалтанд хамруулж, хоёр төрлийн шинжилгээ авах аж. ОХУ-тай агаарын харилцаатай Харбин хотод коронавирусийн халдварын долоон тохиолдол шинээр илэрч, нийт халдвар авсан хүний тоо 52 болж нэмэгдсэн тухай дөрөвдүгээр сарын 21-нд мэдээлжээ. Халдвар авсан хүмүүсийн гурав  нь ОХУ-аас ирсэн зорчигчид байсан аж. Харбин хотод одоогоор 1400 орчим хүн эмчийн хяналтанд байна.