АНУ “Moderna” болон “Johnson&Johnson” бүүстер вакцинуудыг албан ёсоор бүртгэлээ

АНУ “Moderna” болон “Johnson&Johnson” бүүстер вакцинуудыг албан ёсоор бүртгэлээ

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв/CDC/ коронавирусийн эсрэг “Moderna” болон “Johnson&Johnson” компаниудын бүтээсэн “бүүстер” буюу нэмэлт сэргээх вакцинуудыг албан ёсоор бүртгэн авлаа. 

CDC-ийн Дархлаажуулалтын практикийн зөвлөх хорооны гаргасан мэдэгдэлд өндөр настан, эрсдэлт бүлгийн иргэд вакцины хоёр тунгаа хийлгэснээс зургаан сарын дараа “Moderna”-г гуравдахь тунгаар хийлгэхийг зөвлөжээ. Харин нэг тун бүхий  “Johnson&Johnson” вакциныг хийлгэсэн иргэд хоёр сарын дараа дахин нэмэлт тунгаар тус вакциныг хийлгэхийг зөвлөсөн байна. 

CDC-ийн захирал Рошель Валенски "Нэгдсэн Улсад зөвшөөрөгдсөн коронавирусийн гурван бүүстер вакцин/“Moderna”, “Johnson&Johnson”, “Pfizer”/ бүгд аюулгүй болохыг судалгаа, нотлох баримтууд харуулж байна. Мөн бүүстер вакцинууд бүгд өргөн тархаж буй Дельта хувилбараас хамгаалж, хүнд өвдөх, эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг бууруулах өндөр үр дүнтэй байна” гэжээ.  

Аль вакциныг нэмэлт тунгаар хийлгэхийг эмч нар тухайн хүний нас, хүйс, биеийн байдлаас хамааран шийдэх аж. 

Эх сурвалж: CNBC