ВИДЕО: Токиогийн метронд 17 хүнийг хутгалж гэмтээсэн этгээд “Цаазын ял авахын тулд хүмүүсийг алахыг хүссэн” гэжээ

ВИДЕО: Токиогийн метронд 17 хүнийг хутгалж гэмтээсэн этгээд “Цаазын ял авахын тулд хүмүүсийг алахыг хүссэн” гэжээ

Өчигдөр орой/2021.10.31/ Японы нийслэл Токио хотын метронд хутгатай этгээд 17 хүнийг гэмтээж, гал тавьсан ноцтой хэрэг гарчээ.

Сэжигтэн 24 настай бөгөөд хэргийг үйлдэхдээ Жокерын дүрд хувилсан байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Гэрчүүдийн хэлж буйгаар сэжигтэн хүмүүсийг гэмтээснийхээ дараа тунгалаг шингэн цацаж, гал тавьжээ. Энэ үеэр зорчигчид метроны цонхоор сандралдан үсэрч буй бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна.

Айж, сандарсан хүмүүс метроны цонхоор үсэрч эхэлжээ

Шархадсан хүмүүсийн гурав нь хүнд бэртжээ. Мөн хутгалуулсан өндөр настай иргэн ухаангүй байгаа аж.  Халдлагын талаар нэгэн гэрч Йомиури сонинд "Урт гэгчийн хутгатай хүн метронд явж байсан. Би Сүнсний баяр л гэж бодсон” гэжээ. Мөн өөр нэгэн гэрч “Гэнэтхэн хүмүүс орилолдож, зугтаж эхэлсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй, галт тэрэгний хаалга хаалттай байсан учраас цонхоор үсэрсэн” гэсэн байна. Одоогоор цагдаа нар хэргийг шалгаж бөгөөд сэжигтэн “Цаазын ял авахын тулд хүмүүсийг алахыг хүссэн” гэж мэдүүлэг өгсөн хэмээн зарим хэвлэл мэдээлж байна.

Японд хүчирхийллийн гэмт хэрэг ховор тохиолдог ч сүүлийн жилүүдэд хутгатай халдлага цөөнгүй гарч байна. Өнгөрсөн наймдугаар сард Токио хотын галт тэргэнд хутгатай этгээд 10 хүнийг хүнд болон хөнгөнөөр гэмтээсэн хэрэг гарсан. Мөн 2019 онд Кавасаки хотод нэгэн эрэгтэй автобус хүлээж байсан хэсэг сурагчид руу халдаж, хоёр хүний амийг хохироон, 18 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарч байв.

ҮЗЭХ: 

Эх сурвалж: BBC