О.Батнайрамдал: Оюутолгойн бүлэг ордод хамаарах “ОНТРЭ” ХХК олборлолтоо эхлүүлэхээс өмнө  Монгол Улс уг ордоос хэрхэн ашиг хүртэхээ тодорхой болгох ёстой

О.Батнайрамдал: Оюутолгойн бүлэг ордод хамаарах “ОНТРЭ” ХХК олборлолтоо эхлүүлэхээс өмнө Монгол Улс уг ордоос хэрхэн ашиг хүртэхээ тодорхой болгох ёстой

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Онтрэ" ХХК-ийн эзэмшиж буй Оюутолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөшөөрөл бүхий хоёр талбайн газрын хэвлий доорх ашигт малтмалын нөөц, "Рио Тинто" болон "Онтрэ" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнээс үүдэлтэй үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, уг ордоос Монгол Улс хэрхэн ашиг хүртэж болох вэ гэдэг дээр өөрийн цахим хуудсаар байр сууриа илэрхийлсэн байна. 

Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр долоо хоногийн өмнө “Онтрэ” ХХК-тай холбоотой асуулт тавьсан. Энэ хооронд уг орд, лиценз ямар ач холбогдолтой талаар та бүхэнд тайлбарлая.

Оюутолгойн орд бол Монгол Улсын стратегийн хамгийн том ордуудын нэг. Тус орд  бүхлээрээ “Рио Тинто”-д хамаардаг юм шиг одоо хүртэл ойлгож ирсэн. Энэ бүлэг орд дээр таван лиценз олгосны хоёр нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд буй.

2009 онд гэрээ байгуулсан “Рио Тинто”-гийн эзэмшлийн талбайн хоёр талд “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн талбай байдаг. 2003 оноос хойш 22 жилийн турш энэ ордыг эзэмшиж байгаа. “Рио Тито”-гийн эзэмшлийн талбай дор байх маш том хүдрийн орд үргэлжилсээр байгаад “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн талбай руу орж ирдэг. “Рио Тинто”-гийн эзэмшлийн талбайн нөгөө талд Херуга хэмээх талбайд мөн “Онтрэ”-гийн эзэмшлийн лиценз бүхий талбай байдаг.

Энгийнээр тайлбарлаж хэлэхэд, гурван хамар хашааны голынх нь айл буюу “Оюутолголгой”-н эзэмшигч Монгол Улстай тохироогоо хийгээд олборлолтоо хийгээд явж байна. Гэтэл хоёр захын хамар хашааны айл баялгийн эзэнтэй ярилгүйгээр газар доогуур ухаад, алт, зэсийг нь аваад байна гэсэн үг. Үүнийг бид Монгол Улсын эрх ашигт нийцүүлж залруулах ёстой.

Энэ хоёр компаний хоорондын гэрээ нь хүртэл 22 жилийн турш албажаагүй явж ирсэн. Оюутолгойн бүлэг ордын нийт талбай доорх хүдрийн 30 хувь, алтны 42 хувь, зэсийн 29 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд байгаа юм. Монгол Улс энэ их баялгаас ямар ашиг хүртэх вэ, АМНАТ-аа хэрхэн тооцож авах вэ гэдэг нь одоо хүртэл ойлгомжгүй байж ирсэн. Үүнийг цэгцлэх ёстой.

Таван сарын өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Канад улсын Ванкувер хотын Арбитрын шүүх дээр “Онтрэ” ХХК-ийн талд нэг шийдвэр гарсан. Энэ юу вэ гэвэл, “Онтрэ” ХХК-аас “Рио Тинто”-г 22 жилийн өмнөх гэрээгээ албажуулаач ээ гэдэг нэхэмжлэл гаргаж, ялсан байгаа юм. 2004 онд энэ хоёр компани ашиг хуваах гэрээгээ хийчихсэн байсан ч албажуулахгүй явсаар байгаад дөнгөж хоёр сарын өмнө албажуулсан байна.

“Онтрэ” ХХК-ийн эзэмшилд байгаа хоёр тусгай зөвшөөрлийг “Оюутолгой” ХХК-ийн мэдэлд шижлүүл гэсэн Арбитрын шийдвэр гарсан. Энэ шийдвэр таван сарын өмнө гарсан бөгөөд миний бие гурван долоо хоногийн дараа ЭЗБХ-ны хуралдаан дээр “Ийм шийдвэр гарсныг мэдсэн үү, Монгол Улс ямар байр суурьтай байгаа вэ?” гэдгийг асуусан ч хариулт авч амжаагүй.

Өнгөрөгч оны 12 дугаар сард мөн Оюутолгойн далд уурхайн олборлолт эхэлсэн. “Онтрэ”-гийн эзэмшлийн талбай руу ч ухаад эхэлсэн гэсэн үг. Гэтэл Монгол Улс эндээс ямар хувь хүртэх нь тодорхойгүй.

2009 онд “Рио Тинто”-той байгуулсан гэрээнд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн талбайд хамаарахгүй. Тиймээс энэ хоёр талбайд тусдаа гэрээ байгуулах үүлэн чөлөөний нар гараад байна, энэ цаг үед. Засгийн газар хэлэлцээрээ хийгээд, Монгол Улс өгөөжийг нь хэрхэн хүртэх вэ гэдгээ ойлгомжтой болгож ирээд, УИХ-д оруулж ирээч ээ гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар Канадын “Онтрэ” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ шинээр байгуулах ёстой. Оюутолгойн гэрээн дээр гаргасан алдаанаасаа суралцаж, сайжруулж хийх ёстой. “Онтрэ” ХХК 2029 оноос олборлолт хийгээд, ашиг олоод эхлэхээр тэндээс Монгол Улс ямар ашиг хүртэж, АМНАТ-аа хэрхэн тооцох вэ гэдэг шийдвэрээ аль хэдийнэ гаргасан байх шаардлагатай байна. Энэ гэрээнд баримтлах ганцхан зарчим бий. Үндсэн хуулийн 6.2-т зааснаар байгалийн баялгийг ашиглахад нийт өгөөжийн дийлэнх нь ард түмэн буюу Монгол Улсад байх ёстой гэдэг зарчмыг гэрээнд тодорхой тусгаж  өгөх ёстой.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь 16 жилийн турш маш их маргаан дагуулж ирсэн. 2.3 тэрбум ам.долларын хүүгийн өрийг тэглүүлж чадсан. Гэхдээ  уг ордын 66 хувийг эзэмшиж байгаа “Рит Тинто”, 34 хувийг эзэмшиж байгаа Монгол Улсын Засгийн газар болон монголын ард түмэн гэсэн гурван талын мэдээллийн зөрүү маш их байгаа. Мөн засаглалтай холбоотой олон асуудал бий.

Энэ бүхнийг урт хугацаанд үр дүнтэй шийдэх арга нь “Оюутолгой” ХХК-ийг Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох арга зам юм. Монголын тал өөрт ногдох 34 хувиа Хөрөнгийн бирж дээр гаргах нь хэн нэгнээс хамаарахгүй, өөрсдөө  шийдэж чадах асуудал мөн. Ингэснээр монголчууд энэ компанид хувь эзэмшиж, ашиг хүртэх нөхцөл бүрдэнэ. 

Нөгөө талаасаа мэдээллийн тэнцвэргүй байдлыг ил болгож, монголын мэргэжлийн залуу шинжээчид Оюутолгойг судлаад, санал дүгнэлтээ ард түмэнд тайлагнадаг тогтолцоо руу бид заавал шилжих ёстой. Үүнийг хийж чадаж гэмээнэ бид Оюутолгойг ил тод нээлттэй компани болгож чадна гэлээ.