УИХ дахь МАН, АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж байна. АН-ын бүлгийн хурлаар "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн танилцуулга мэдээллийг сонсож байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. Тус бүлэг мөн Ерөнхий сайдад тавьсан шаардлагын хариутай холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бойкотлох эсэхийг шийдэх юм. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал өгөөгүй юм.
Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төсөл, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд, боловсрол, шим тэжээлийн талаар танилцуулга, мэдээллийг сонсож байгаа аж.