"Л.Гантөмөрийг огцруулах гарын үсэг" цуглуулж эхэлсэн О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

"Л.Гантөмөрийг огцруулах гарын үсэг" цуглуулж эхэлсэн О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

Ардчилсан нам /АН/-ны Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны тэргүүлэгчдийн хурал өнгөрөгч баасан гараг /2025.05.02/-т болж, ҮБХ-ны даргаар О.Амгаланбаатарыг сонгосон байна.

АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь, УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Амгаланбаатар, мөн УИХ-ын гишүүн асан О.Амгаланбаатар нар ажилладаг байна. Харин өнгөрсөн баасан гарагт болсон ҮБХ-ны тэргүүлэгчдийн 80 хувийн саналаар О.Амгаланбаатарыг ҮБХ-ны даргаар сонгосон байна.    

Сонирхуулахад,  АН-ын Үндэсний бодлогын хороо нь тус намын дээд удирдах байгууллагуудын нэг бөгөөд намын бодлого, стратеги, дотоод зохион байгуулалттай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргадаг эрх мэдэл бүхий байгууллага юм. Тодруулбал, ҮБХ-ны хурлыг зарлаж, намын даргаа огцруулах асуудлыг ч хэлэлцэх эрхтэй байгууллага юм. Харин УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нь "Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь огцруулах гарын үсэг"-ийг 2024 оны 10 дугаар сараас эхлэн цуглуулж эхлээд байгаа юм.