Засгийн газрыг огцруулж мэдэх “шүдний өвчин” нь Сангийн сайд Б.Жавхлан болоод байна

Засгийн газрыг огцруулж мэдэх “шүдний өвчин” нь Сангийн сайд Б.Жавхлан болоод байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн II дайны ялалтын баярт оролцохоор ОХУ-ыг зорьсон, Монгол Улсын Ерөнхий аудитораар С.Магнайсүрэнг томилсон, УИХ-ын 40 гишүүнээс “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гээд олон үйл явдал өрнөсөн долоо хоног өндөрлөж байна.

Харин сүүлийн үед Сангийн сайд Б.Жавхланг шүүмжлэх байдлаар Засгийн газрын үйл ажиллагааг МАН-ын гишүүд нь өөрсдөө эсэргүүцдэг болоод байна. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тогтворгүй болж байгаагийн нэг илрэл юм.

-УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГ ШҮҮМЖИЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭСЭРГҮҮЦЭВ-

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Засгийн газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилсэн хэд хэдэн мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөө их байгаа талаар илэрхийлж, “Женкогийн Засгийн газар нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна. Улс орныг 15 давхраас удирдаж байгаа гэх яриа худлаа биш болж таарч байна. Нэн даруй энэ танхайрлаа зогсоохыг шаардаж байна” гэсэн юм. Түүнчлэн, тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Ах, дүү хоёрын хоршил энэ улсыг сүйрүүллээ. Аятайхан байгаарай, энэ улс та хоёрын жүжгийн тайз биш, ард түмэн үзэгчид биш. Женко та хоёр хэтрээд байгаа шүү” гэсэн утгатай үгийг ч хэлсэн гэдэг. 

ВИДЕО: 

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “7.3 тэрбум төгрөг олдсон УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлтэй холбоотой авлигын хэрэгт Сангийн сайд Б.Жавхланг холбогдуулж, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төсөв нэмэгдсэн нь энэ асуудалтай холбоотой байж болзошгүй” гэж мэдэгдсэн юм.

ВИДЕО: 

Харин түүний энэ мэдэгдэлд Сангийн сайд Б.Жавхлан хариу өгч, “Б.Энхбаяр гишүүнтэй хамт Засгийн газарт ажиллаж байсан бөгөөд түүнийг ийм мэдэгдэл хийж байгаад гайхаж байгаа” гэдгээ илэрхийлсэн юм. Мөн тэрбээр С.Батдөлтэй ямар нэгэн холбоо байхгүй гэдгээ онцолж, “хар буруу юм наах гэж байгаа бол амжихгүй шүү” хэмээн мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын энэ мэдэгдлүүдийн үеэр “Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Төгрөг нуурын орд”-ын 250 сая ам.доллароор дөрвөн гадаадын иргэнд оффшороор дамжуулан зарсан” гэсэн асуудал өрнөж байлаа.

-УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН, ЗАСГИЙН ГАЗРЫГ ДАХИН ШҮҮМЖЛЭВ-

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн энэ долоо хоногийн пүрэв гараг /2025.05.08/-т мэдэгдэл хийж “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” гэдэг хуулийн төслийг Сангийн яам боловсруулж, гишүүдээр гарын үсэг зуруулж өргөн барьсан талаар дурдаж, Сангийн сайд Б.Жавхлан болон Засгийн газрын бодлогыг эрс шүүмжилсэн юм. 

ВИДЕО: 

Тэрбээр, “Улсын төсвөөс гадаад зээл тусламжийг гаргана гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол онолын хувьд ч, зарчмын хувьд ч байж болохгүй зүйл. Энэ жишгээр явбал бид цаашид төсвөө сайхан харагдуулахын тулд төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгахын тулд халамжийн зардлаа, урсгал зардлаа хасчихъя гэдэг байдлаар өөрөө өөрсдийгөө хуураад яваад байж болно. Энэ хуулийн төслийг Сангийн яам боловсруулсан байна. Нэг талдаа онигоотой ч гэх юм уу, энэ хуулийг Засгийн газар, Сангийн яам өөрсдөө өргөн барихгүйгээр УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулаад, гишүүд үүнийг өргөн барьж байгаа хэлбэрээр оруулж ирэх гээд оролдож байгаа нь буруу” гэсэн мэдэгдлийг хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн энэхүү мэдэгдлээрээ Сангийн сайд Б.Жавхланг асуудалд хариуцлагагүй хандсан хэмээн шүүмжилж, Засгийн газрын зүгээс энэ чиглэлд дорвитой арга хэмжээ авахгүй байгааг илэрхийлсэн юм. 

Тэгвэл МАН-ын гишүүд олон нийтийн өмнө Засгийн газраа ил тод шүүмжлэх нь ховор бөгөөд зөрчил, маргаанаа ихэвчлэн намын дотоод хурлын хүрээндээ хаалттай шийдвэрлэхийг илүүд үздэг. Харин сүүлийн үед “нэг үе”-ийн Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн нарын залуу гишүүд Сангийн сайд Б.Жавхланг олон нийтийн өмнө илт шүүмжилж, энэ эсэргүүцэл нь даамжирсаар Засгийн газраа ч огцруулах асуудлыг МАН-ын гишүүд өөрсдөө хөндөж болзошгүй байна.