Хотын дарга Х.Нямбаатарыг "150 хүний бүрэлдэхүүнтэй" Унгар улсад зугаалж, үргүй зардал гаргаж байна хэмээн шүүмжлэв

Хотын дарга Х.Нямбаатарыг "150 хүний бүрэлдэхүүнтэй" Унгар улсад зугаалж, үргүй зардал гаргаж байна хэмээн шүүмжлэв

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Хотын дарга Х.Нямбаатарыг 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж явна хэмээн шүүмжилжээ.

Тодруулбал, тэрбээр "Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ. Онгоц дүүрэн хүн шүү дээ. Татвар нэмэхдээ жигтэйхэн их зовлон ярьсан даа. Зугаалганы л мөнгө байж. Ойролцоогоор 150 хүний 110 нь виз мэдүүлсэн. Үүний тал нь урлаг соёл, хэвлэл мэдээллийнхэн. Үлдсэн 40 нь албан паспорттой, дарга нар гэсэн үг. Үргүй зардал" гэжээ. 

Энэ талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Хотын дарга Х.Нямбаатар Унгар улсын Будапешт хотод ажиллаж байна. 150 хүний бүрэлдэхүүнтэй эсэхийг тодруулж байна. Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10, 11 ний өдрүүдэд зохион байгуулсан. Урлагийн тоглолт болсон.  “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг сурталчлах, морьт харваа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, хоолны өдөрлөг, “Монгол Унгарын түүхийн жимээр” гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, хүндэтгэлийн нэгдсэн урлагийн тоглолтыг мөн зохион байгуулсан. Цаашлаад  нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай түншилж ажилладаг 9 дүүргийн шилдэг 21 аж ахуйн нэгж, иргэний сор болсон 2130 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэсэн" гэсэн юм.