Ус, дулаан, цахилгаан зэрэг хүний анхдагч хэрэглээг төлбөр төлөөгүй болон бусад шалтгааны улмаас хязгаарлах тохиолдол гардаг. Гэтэл эдгээрийг дур мэдэн таслах, хязгаарлах нь хууль бус гэдгийг иргэн та мэдэх үү. Хэрвээ ус, цахилгааныг нь тасалсан тохиолдолд иргэд гомдол гаргавал Зөрчлийн тухай хуулийн дагуу үүдсэн хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой. Гэтэл үүнийг иргэд тэр бүр мэддэггүйгээс болж Орон сууцны контор зэргээс иргэдийн ус, цахилгааныг дур мэдэн хаах тохиолдол элбэг. Иймд бид энэ талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
-ХУУЛИНДАА ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙН УЛМААС УС ХЯЗГААРЛАЖ БОЛНО ГЭСЭН ЗААЛТ БАЙХГҮЙ-
Ус бол хүний анхдагч хэрэгцээ. Тэр тусмаа бохироо хүртэл усаар зохицуулдаг орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд усгүй нэг ч хонох боломжгүй. Гэтэл байр, СӨХ, ус, цахилгааны төлбөрөө төлөөгүй болон бусад зөрчлийг нь арилгуулахын тулд ус, цахилгаанаар нь хязгаарлах арга хэмжээ авдаг. Гэвч энэ нь хууль бус үйл ажиллагаа бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд усаар хангагч байгууллага “төлбөр төлөөгүй тохиолдолд тасалж болно” гэсэн үг, үсэг байхгүй байна. Тодруулбал, дараах тохиолдолд ус, цахилгааныг хязгаарлаж болно.
- ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжид эрчим хүчний гэнэтийн тасалдал гарсан;
- гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас усны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болсон;
- ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжид ноцтой гэмтэл гарсан.
- хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюултай нөхцөл байдал үүссэн;
- ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд төлөвлөгөөт урсгал болон их засвар хийх болсон;
- цэвэр усны алдагдал, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн гэмтлийг тогтоосон хугацаанд засварлаагүй;
- ус хангамжийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд хангагчийн зөвшөөрөлгүйгээр холбосон;
- усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн,
- энэ хуулийн 18.1-д заасны дагуу тогтоосон бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй бохир ус нийлүүлсэн бол усыг тасалж болно гэж уг хуульд заажээ.
Гэтэл орон сууцны контороос дур мэдэн ус хязгаарладаг асуудлын нэг жишээ болох Баянмонгол хорооллын контороос энэ талаар тодрууллаа.
-ОРОН СУУЦНЫ КОНТОРУУД ЦААНААС ИРСЭН ШАХАЛТААС ҮҮДЭЖ УСАА ХААДАГ БӨГӨӨД УСЫГ ХАА ГЭСЭН ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨГҮЙ БАЙХАД УС ТАСАЛДАГ БАЙНА-
Баянмонгол хорооллын орон сууцны конторын ажилтан хэлэхдээ, “Усны үйлчилгээ зохицуулах хорооноос манайхыг та нар айл өрхийнхөө төлөлтийг анхаарахгүй байна, хянахгүй байна, төлөлтөө барагдуулах дээр ажиллахгүй байна гэдэг. Мөн манайхыг ус хаа ч гэдэггүй, хаахгүй бай ч гэдэггүй. Гэхдээ төлбөрөө төлөхийг шаарддаг. Бид төлбөрөө аваад цааш өгч байгаа. Манайх дээр ямар шаардлага тавьдаг вэ гэхээр айлууд төлбөрөө төлж байж л бид цааш төлнө. Гэтэл төлбөрийн урсгал байхгүй бол манай усыг хязгаарлах гээд байдаг. Иймд төлбөрөө төлөөгүй зарим иргэдийн усыг хаадаг. Цаанаас шахалт үзүүлдэг гэсэн үг” гэх тайлбарыг өгсөн юм.
Мөн 8888… 8810… 8811 гэсэн тоогоор эхэлсэн утасны дугаартай айлууд руу усны төлбөрийн мэдээлэл огт очихгүй байгаа аж. Энэ талаар тодруулахад, “манайх мессеж про гэдэг үйлчилгээг ашигладаг. Өмнө нь энэ дугаар луу мессеж явдаг байсан ч сүүлийн үед очихоо байсан. Энэ талаар тодруулахад энэ дугаарууд нь хүсэлт өгөөд ямар нэгэн сурталчилгааны ч юм уу мессеж хүлээж авахгүй байхаар болсон юм билээ” гэх тайлбарыг өглөө.
Үүнээс харвал цаанаас ирсэн дарамтаас үүдэж Орон сууцны конторууд иргэдийн усыг хязгаарладаг байна. Гэхдээ тэдэнд иргэдийн усыг хязгаарла гэсэн зүйлийг хэлдэггүй. Дур мэдэн хаадаг гэсэн үг. Харин усаа хаалгасан иргэд гомдол гаргаж Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдүүлэх бүрэн боломжтой. Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 12.4.3-т заасны дагуу Ус эсхүл цахилгаан таслах зэргээр орон сууц ашиглалтын журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.