УБЕГ-ын дарга асан, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржид холбогдох хэргийг Дээд шүүх эцэслэлээ

УБЕГ-ын дарга асан, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржид холбогдох хэргийг Дээд шүүх эцэслэлээ

Төрийн албаны зөвлөл Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржийг шүүхэд өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 20-ны өдөр Улсын Дээд шүүхэд болж, шүүх шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл хариуцагч Б.Баасандоржид холбогдуулан “Төрд учруулсан хохиролд 22,932,271 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэхийг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.2.1-д Зөвлөлийн дарга нь зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг хуульчилсан, иймээс Төрийн албаны зөвлөлийг төлөөлж дарга нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй. Хариуцагч Б.Баасандорж нь ажилтныг давтан зөрчил гаргасан эсэхийг нягтлан тогтоолгүйгээр илтэд болгоомжгүй байдлаар хандаж, төрийн албанаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулсны улмаас түүний шийдвэр хууль бус болсон гэм буруутай тул уг шийдвэрийн улмаас  төрд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин хариуцагчийн ажлаас чөлөөлөгдсөн цаг хугацаан дахь гэм хор түүний буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй, иймд нэхэмжлэлээс 8,812,551 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 14,119,720 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д  заасны дагуу тухайн хохирлыг арилгасан албан байгууллага нь гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд буюу Хууль зүй, дотоод хэргийн яам, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газар нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байгаа тохиолдолд Төрийн албаны зөвлөл уг байгууллагыг төлөөлөн объектив эрхийн хүрээнд шууд шүүхэд нэхэмжлэл гаргах, гэм хорын хохирол шаардах хууль зүйн боломж нь хязгаарлагдана. Харин Төрийн албаны зөвлөлийн субьектив эрх нь зөрчигдөөгүй тул шууд шаардах эрхгүй. Төрийн албаны зөвлөлөөс Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт уг хохирлыг барагдуулахыг шаардах талаар мэдэгдэж байсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул Төрийн албаны зөвлөл нь шууд шаардах эрхгүй” гэжээ.

Хяналтын шатны шүүх: Нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь зохицуулалтад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийн  шаардлага гаргах эрхийн талаарх болон нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлд нэмэлт дүгнэлт хийж шийдлийг хэвээр үлдээв.