Өчигдөр /2025.05.21/ Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн намуудыг Засгийн газрын бүтцээс гаргах асуудлыг МАН-ын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжиж, 38 хувь нь дэмжихгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэв МАН дангаар засаглах болбол хариуцлага хүлээнэ хэмээгээд байсан билээ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч дараагийн Засгийн газрын асуудлыг хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор Төрийн ордонд Ардчилсан намын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2025.05.22/ өглөө эхэлсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарын гэрээ дүгнэх уулзалт тараагүйтэй холбоотойгоор хойшиллоо. Хамтарсан Засгийн газрыг байгуулахад тус гурван нам нь гэрээ байгуулсан байдаг. МАН-ын хувьд Ардчилсан намыг уг гэрээг зөрчсөн гэж үзэж буй бол тус намын дарга Л.Гантөмөр үгүйсгэж байгаа юм.