ELFC коиноор мөнгө угааж, 4700 хүнийг мэхэлсэн гэх А.Сумъяабатад холбогдох хэргийг Анхан шатны шүүхэд шилжүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ

ELFC коиноор мөнгө угааж, 4700 хүнийг мэхэлсэн гэх А.Сумъяабатад холбогдох хэргийг Анхан шатны шүүхэд шилжүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ

“Элф эдүкэйшн” ХХК-ийн удирдлагууд өөрсдийн гаргасан ELFC нэртэй коиныг биржээр дамжуулан борлуулахдаа виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх дотоод мэдээллийг ашиглан нууцаар арилжаанд оролцож мөнгө угааж 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон гэх хэрэгт буруутгагдаж, уг компанийн Гүйцэтгэх захирал Б.Батжин болон дэд захирал А.Сумъяабат нарыг холбогдуулан шалгаж байсан юм. Тэд анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон 4700 гаруй хүнийг хууран мэхэлсэн хэмээн яллагдагчаар татагдсан байдаг.

Гэвч Б.Батжин мөрдөн шалгах ажиллагаанаас оргож, хилээр гарч явсан учраас үйлдлийг нь тусгаарлан А.Сумъяабатад Эрүүгийн хуулийн 18.19-2.2-ын “Албан тушаалаа ашиглаж виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашигласан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн ч анхан шатны шүүх прокурорт буцаасан байдаг. Улмаар прокуророос эсэргүүцэл бичин давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн юм. Уг бичсэн эсэргүүцэлдээ мөн дээрх гүйлгээнд оролцсон, "Элф Эдүкейшн" ХХК-д хувьцаа эзэмшдэг О.А-, Б.Н- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг дахин шалгаж үзэх талаар тусгасан.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн уг асуудлыг хэлэлцэж үзээд О.А-ын хувьд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нийт 3 удаа, Б.Н-гийн хувьд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 1 удаа койн худалдан авах арилжааг хийсэн нь дотоод мэдээллээ ашиглан буцаан зарах байдлаар өөрт эдийн засгийн хувьд ашигтай байдлыг бий болгосон гэж үзэхээргүй байгаа бөгөөд О.А-ын “Элф эдүкейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар олж авсан нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу бирж дээрх койны бодит хэмжээний мэдээллээ ашиглан өөрт ашигтай байдлыг бий болгохоор арилжаанд оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Б.С-о, Б.Н-, О.А- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзжээ. 

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн А.Сумъяабатын хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч А.Сумъяабататд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сонирхуулахад, А.Субъяабат нь “Элф Эдүкэйшн” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалыг хашиж байхдаа олж авсан, виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй мэдээлэл буюу 7.6 тэрбум төгрөгийн токен анхдагч зах зээлд борлуулагдсан болон үүнтэй холбоотой үүссэн мэдээллийг ашиглаж, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд 554 удаагийн гүйлгээгээр виртуал хөрөнгийн арилжаанд токен авах болон зарах байдлаар оролцож 318 удаагийн гүйлгээгээр 204.452.919 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан авсан гэмт хэрэгт холбогдсон юм.