Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалт 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Монгол Улсад болно. Уг арга хэмжээнд Монгол, Япон, Малайз, Индонез, БНСУ, Казахстан, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг гишүүн орнуудын 40 орчим төлөөлөгч оролцохоор болжээ.
Дэлхийн олон улс орон хотжилтын эрчимжилт, орон сууцны эрэлтийн өсөлт зэрэг нийтлэг сорилттой нүүр тулж байгаа энэ үед урт хугацааны тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудал улам чухал болж байна. Үүнтэй зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлтийн бодлого орон сууцны санхүүжилтийн салбарт шинэ шаардлага, боломжуудыг бий болгож буй юм. Ийм нөхцөлд улс орнуудын туршлага, мэдлэгийг харилцан солилцох нь хөгжлийг түргэтгэх ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс ASMMA нь зөвхөн мэдээлэл солилцох төдийгүй гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ боломжуудыг нээх бүс нутгийн чухал платформ болж хөгжжээ.
Азийн 10 улсын орон сууцны санхүүжилтийн байгууллагуудыг нэгтгэсэн тус холбоог байгуулахад Монголын Ипотекийн Корпораци (МИК) анхдагч гишүүдийн нэгээр оролцсон бөгөөд МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга 2025-2026 онд холбоог даргалан ажиллаж байна.
Анх орон сууцны санхүүжилтийн байгууллагуудын туршлага солилцох зорилгоор байгуулагдсан ASMMA нь өнөөдөр бүс нутгийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий хамтын ажиллагааны талбар болон өргөжсөн байна. Холбооны хүрээнд гишүүн байгууллагууд шинэ бүтээгдэхүүн, шийдэл, бодлогын шинэчлэлийн талаар хэлэлцэж, орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хөгжлийг дэмжин ажиллаж байгаа юм. ASMMA-г даргалж буй орны хувьд Монгол Улс энэ онд холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гишүүнчлэлийн хүрээг тэлэхэд онцгой анхаарч байгаа аж. Мөн бүс нутгийн орон сууцны санхүүжилтийн байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээл болон урт хугацааны санхүүжилтийн хөгжлийг дэмжих зорилтыг дэвшүүлжээ. Чуулга уулзалтын хүрээнд Монголын санхүүгийн салбарын төлөөлөгчид, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулах “Орон сууцны санхүүжилт” форум зохион байгуулагдах бөгөөд ASMMA-гийн гишүүн байгууллагуудын төлөөлөл уг форумд оролцож, дэлхийн хөгжлийн чиг хандлага, шилдэг туршлагын талаар санал солилцох юм.