ЖДҮХС-аас нийт 395 төсөлд 55.9 тэрбум төгрөгийн зээл олгож, 1083 ажлыг байрыг шинээр бий болгожээ

ЖДҮХС-аас нийт 395 төсөлд 55.9 тэрбум төгрөгийн зээл олгож, 1083 ажлыг байрыг шинээр бий болгожээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.06.27/-ийн үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн мэдээллийг танилцуулан хэлэлцүүллээ.

Хүнсний аюулгүй байдал, хангамж, иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, дотоодын баталгаат үйлдвэрлэлээр бүрэн хангах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг хангаж ажиллаж байгааг танилцуулав. Түүнчлэн, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөн, “Атар-4 газар тариалангийн тогтвортой хөгжлийн аян” зэрэг дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч байгааг Ерөнхий сайд танилцууллаа.

Улсын хэмжээнд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 19 сая тоо толгой төл хүлээн авч, төл бойжилт 98.6 хувьтай, бод малын төллөлт үргэлжилж байна. Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд мал, махны бэлтгэлийг идэвхжүүлэх, гадаад зах зээлийн орчинг өргөтгөх, дотоодын бэлтгэлийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолын хүрээнд өндөр ашиг шимт сайжруулагчаар хангаж, үржлийн аж ахуйнуудыг чадавхжуулж, мал аж ахуйгаас үйлдвэрлэх мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ.

Газар тариалангийн хувьд 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 470.3 мянган га буюу 73.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улаан буудай 264.8 мянган га буюу 85.3 хувь, бусад үр тариа 34.8 мянган га буюу 68.8 хувь, төмс 11.2 мянган га буюу 65.6 хувь, хүнсний ногоо 9.1 мянган га буюу 55.1 хувь, малын тэжээл 31.4 мянган га буюу 21.8 хувь, тосны таримал 118.8 мянган га буюу 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарын борлуулалтын орлого 2024 онд 10.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 7.25 хувиар өссөн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого нийт 600 сая гаруй ам.долларт хүрч, цаашлаад мах, махан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зоорины багтаамж 15, үтрэмийн багтаамж 7, тариалангийн талбай 13, зуны болон өвлийн хүлэмж 28 хувиар тус тус нэмэгдсэн байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2024-2025 онд 57.4 тэрбум төгрөгийг эргэн төвлөрүүлж, нийт 395 төсөлд 55.9 тэрбум төгрөгийн зээл олгож, 1083 ажлыг байрыг шинээр бий болголоо. Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулан батлуулсан байна.