Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл өнгөрсөн тавдугаар сард батлагдсан. Тус хууль батлагдсанаар "хар жагсаалт" байхгүй болно гэх хүлээлт олон нийтэд үүсээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Э.Батшугар “Өнгөрсөн 5-р сарын 26-нд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар олон иргэн асууж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Хар жагсаалт”-ыг алга болгосон. Онооны системд оруулсан нь банк санхүүгийн системд шинэчлэл оруулсан. Бидний сайн мэдэх БНСУ, АНУ зэрэг улс шиг онооны системтэй болсон. Ингэснээр үр дүн сайн гарах ёстой. Нэн тэргүүнд, Зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн 70 мянган иргэнээ хар жагсаалтаас гаргана. Гэсэн ч хууль хэрэгжихгүй байна. Монгол банк журам батлах ёстой. Тус журмыг хэзээ батлах вэ гэдгийг Монголбанкнаас тодруулъя" гэв.
МОНГОЛБАНК ХОЛБОГДОХ ЖУРМЫГ ИРЭХ
9-Р САРЫН 1 ГЭХЭД ШИЙДВЭРЛЭНЭ
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар төв банк холбогдох журмыг батлахаар ажиллаж байна. Мэдээж, хуулийн хугацаанд журмыг батална.Арилжааны банкнууд, банкны холбоо зэрэг байгууллагуудаас санал авахаар явуулсан. Энэ санал ирсний дараа журмыг батлах болно. Зээлийн мэдээллийн тухай хууль бол иргэдэд ээлтэй хууль болж чадсан. Бид ирэх 9-р сарын 1 гэхэд бүрэн шийдвэрлэнэ” гэсэн хариултыг өглөө