Төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлөх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог оновчтой тогтоохчиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Үүнд:
Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн үзүүлж буй үйлчилгээний үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг нарийвчлан судалж, үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, шат дамжлагыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтэц, орон тоог бууруулах, оновчтой тогтоох, Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулахад зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны чиг үүрэг, хариуцах ажил нь яам, агентлаг, харьяа төв, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж болон гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хариуцсан чиг үүрэг, ажилтай давхардахгүй байх чиглэл баримтлах;
Засгийн газрын агентлагуудын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардахгүй байх, хуульд өөрөөр заагаагүй бол дэд, орлогч даргагүй, агентлагийн нэгж нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог нь бууруулах чиглэл баримтлах;
Засгийн газрын агентлагуудын орон тооны дээд хязгаарыг төсвийн хэмнэлтэд нийцүүлэн тогтоолгохыг даалгалаа.
Мөн Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайхуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр хүсэлт хүргүүлэхээр тогтлоо.