ЭЗБХ: ТЭЦ-3-ын ослын улмаас үүссэн эрчим хүчний дутагдлыг зайлшгүй тохиолдолд ӨМӨЗО-оос 80мвт-ын цахилгаан импортолж нөхнө

ЭЗБХ: ТЭЦ-3-ын ослын улмаас үүссэн эрчим хүчний дутагдлыг зайлшгүй тохиолдолд ӨМӨЗО-оос 80мвт-ын цахилгаан импортолж нөхнө

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2025.07.02/ Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийг танилцуулсан бөгөөд АН-ын бүлгээс тухайн асуудлаар завсарлага авах хүсэлтийг байнгын хорооны даргад тавьж, завсарлага авав.

Төр дангаар санхүүжүүлэх боломжгүй эрчим хүчний төслүүд дээр хөрөнгө оруулагч нар орж ирэхэд хүндрэлтэй томоохон төслүүдэд стратегийн хувьд ач холбогдлоос хамаарч төрөөс тодорхой хэсгийг санхүүжүүлж болдог. Энэ тохиолдолд төрийн санхүүжилттэй холбоотойгоор эрчим хүчний төслийг сонгон шалгаруулах хэрэгцээ шаардлага зайлшгүй шаардлага үүсэж байна. Тиймээс эрчим хүчийг либералчлах бодлогыг нэвтрүүлж, эрчим хүчний томоохон төслүүдийг яаралтай эхлүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагын хүрээнд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй уялдуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улс эрчим хүчний салбарт 2024 онд Чойбалсангийн 50 МВт-ын дулааны цахилгаан станц, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-ын блок, Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц эхний ээлжийн 22 МВт-ын блок, Мөрөнгийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Эрдэнийн 30 МВт-ын нарны цахилгаан станц, Багануурын 50 МВт-ын батарей хуримтлуурыг тус тус ашиглалтад оруулсан боловч эрчим хүчний хэрэглээний өсөлтийг бүрэн хаах хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-12 хувиар өсөж, тус хэрэглээний өсөлтийг хангах дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц чадлын зохистой хэмжээнд хүргэх буюу 20%-аар илүү байх, одоо байгаа суурилагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж 2030 оны түвшинд 3750 МВт хүргэх хэрэгцээ шаардлага байгаа ажээ.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэд, аж ахуй нэгжээс цахим хэлбэрээр саналыг авахаар Эрчим хүчний яамны сайтад 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн байршуулсан бөгөөд одоогоор санал хүсэлт ирүүлээгүй байна. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрчим хүчийг либералчлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ба эрчим хүчний төслийг эрчим хүч нийлүүлэх үнэ, эрчим хүчний эх үүсвэрийг төрд нийлүүлэх хугацаа, нийлүүлэх хэмжээ зэргээс хамаарч сонгон шалгаруулах боломж бүрдэнэ. Түүнчлэн, төсөл сонгон шалгаруулалтыг санхүүгийн хувьд бүрэн бололцоотой оролцогчдыг үнэлэх замаар хэрэгжүүлэх тул эрчим хүчний гацсан олон төслийг хөдөлгөх бодитой нөлөөлөл үзүүлж чадна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийг хөдөлгөх суурь нөхцөл болж, цаашид улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх ба үүнийг дагаа ажлыг байр нэмэгдэх, иргэдийн ая тухтай амьдрал хангагдах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

“Дулааны цахилгаан станц -3”-т гарсан ослын улмаас Улаанбаатар хотод хоёр төрлийн хүндрэл үүсээд байна. Тодруулбал 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт эрчим хүчний дутагдал үүссэн. Дулааны дутагдлыг ТЭЦ-4 болон Амгалан ДЦС руу шилжүүлж, ТЭЦ-3-ын гэмтээгүй байгаа зуухыг зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлж дулааны эх үүсвэрийг хангана. Цахилгаан эрчим хүчний 50 мВт-ын дутагдлыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2 дугаар блок 150мвт-ыг ашиглалтад оруулах эсвэл ӨМӨЗО-оос 80МВт-ын цахилгаан эрчим хүч импортолж нөхөхөөр төлөвлөсөн байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө