УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг магадгүй зөрчиж, төрийн өндөрлөгт хүрсэн байж болзошгүй талаарх баримтыг бид өмнө нь хүргэсэн. Уг мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, уг хууль бус хандиваа сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан атал холбогдох төрийн байгууллагууд уг хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс нь эргүүлэн татаагүй байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаа уг үйлдэлээ “Би сонгуулийн хандиваар орж ирсэн мөнгийг энэ жил буцааж өгсөн, Би хууль зөрчөөгүй” хэмээн Өрөг.мн сайтад ярилцлага өгөөд байна. Тэгвэл энэ үйлдлийг Хуульч Б.Мэргэн цахим орчиндоо шүүмжилж, цахим орчинд байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал тэрбээр “Өөрийгөө хууль зөрчөөгүй гэж байгаа бол хүүхэд хуурах гэж байгаа юм шиг үндэслэл биш хүн итгэхээр зүйл ярих хэрэгтэй. Хуульчаас зөвлөгөө ав, гаргалгаа ол. Эсвэл иргэдийг усан тэнэг гэж бодоод байдаг юм уу. Үнэндээ бол хууль зөрчсөн нь тодорхой бөгөөд ямар ч зөвтгөх үндэслэл байхгүй болохоор аргаа барсан тайлбар хэлж байгаа л харагдаж байна. Ингэж гүрийж байхаар буруугаа зөвшөөрөх, эсхүл ядаж дуугүй байх нь хэрэгтэй дээ. Хууль зөрчөөгүй гэх тайлбарыг нь дараах байдлаар няцаая.
Нэгд, "2024 оны 6 зургаадугаар сарын 6-нд энэ компаниас над руу 30 сая төгрөгийн хандив шилжүүлсэн болж таарсан. Гэтэл зургаадугаар сарын 7-нд опен дата дээр өөрсдийнхөө мэдээллийг өөрчилсөн байсан” гэж УИХ-ын гишүүн Э.Болормаа тайлбарлажээ. Энэ бол худал мэдээлэл, "Ханбогд эксплорэйшн" ХХК 2024 оны 6 сарын 07-ны өдөр ямар ч өөрчлөлт хийгээгүй нь тодорхой харагдана. Тэгээд ч нэг өдрийн дотор өөрчлөлт орчихдог ч юм биш. Хэн дуртай нь цахим хуудас руу нь ороод шалгачхаж болох асуудал.
Хоёрт, "Хуулиар бол хандивлагч өөрөө хууль ёсны хандивлагч байх гэдгээ баталгаажуулах ёстой тийм үүрэгтэй. Тэгэхээр би хариуцлагатайгаар хууль зөрчөөгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Би өөрөө хууль тогтоогч байгууллагад байгаа хүн энэ зарчмаараа байх ёстой” хэмээн эрхэм гишүүн өөрийгөө хаацайлав. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.2.”Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ" гэж заасан буюу хандив авч байгаа этгээд шалгаад буцаан шилжүүлэх үүрэгтэй. Би 2020 оны сонгуулийн дараа нэр дэвшигчдийг торгосон асуудлаар шүүх хуралдаанд хэд хэд орж байлаа. Энэ жил ч өчнөөн нэр дэвшигчдийг шалгаж, торгохыг нь торгосон. Хэзээ ч тэднийг хандивлагч үүрэгтэй, та шалгах, буцаах үүрэггүй гээд торгохгүй өнгөрч байгаагүй. Эсвэл УИХ-ын гишүүнд хууль өөрөөр үйлчилж, хуулийг өөрөөр тайлбарлах ёстой юм уу.
Гуравт, "Надад хэн ч хууль бус хандив ороод ирчихсэн байна гэж хэлээгүй. Хэрвээ миний сонгосон аудитын компани ч юм уу танд хууль бус хандив ороод ирсэн байна гээд хэлчихсэн бол би буцаачих л байсан шүү дээ” гэсэн байна. Хэн нэгэн танд хэлэх үүрэггүй. Та өөрөө нягтлаад, шалгаад хууль бус хандив бол буцаах үүрэгтэй. Таны хэнийг сонгуулийн менежерээр ажиллуулах, ямар компаниар аудит хийлгэх чинь өөрийн тань л асуудал. Хууль танд үүрэг болгосон болохоос тэдэнд биш. Өөрийнхөө үүргийг өөрийгөө төлөөлүүлж хэнээр хийлгэх нь өөрийн тань асуудал.
Дөрөвт, "Би энэ жил 30 сая төгрөгийг нь буцаагаад шилжүүлчихсэн. Хууль зөрчсөндөө биш ёс зүйн хувьд буцаасан" гэв. Ёс зүйн хувьд ч, хуулийн хувьд ч улсын төсөвт хураалгах үүрэгтэй юм. Гадаадын хөрөнгө оруулалттай компани ч хууль зөрчсөн, та ч хууль зөрчсөн. Яагаад хууль зөрчигчдийн аль нэгэнд мөнгийг нь буцаан өгөх ёстой гэж. Хуульд та нарын мөнгийг улс авна гээд заачихсан байна. Ядаж алдаагаа засах гэж оролдохдоо хуулиа дээдэл, хуулийн дагуу үйлд. Нэмээд хууль зөрчөөд байх юм” гэжээ.