Ж.Баярмаа: Улсын төсвийг буруу тооцоолж, төсөвт ойр ойрхон тодотгол хийж байгаа асуудалд хэн хариуцлага хүлээх вэ

Ж.Баярмаа: Улсын төсвийг буруу тооцоолж, төсөвт ойр ойрхон тодотгол хийж байгаа асуудалд хэн хариуцлага хүлээх вэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа улсын төсвийн тодотголын асуудлыг шүүмжиллээ.

ВИДЕО:

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Би улсын төсвийн төслийг оруулж ирж байгаа Сангийн яамыг шүүмжилмээр байна. Сангийн яам үндэслэлгүй тоо баримт дээр тулгуурлаж төсвийн төслийг оруулж ирж байгаа дээрээ ямар хариуцлага хүлээх вэ. Завсар л гарвал төсвийг тодотгож байна. Яагаад улсын төсвийн төслийг буруу тооцоолоод байгаа юм бэ. Буруу тооцоолсноос болж, улсын төсөв тасалдах нөхцөлд хүрээд байна. Энэ асуудалд хэн хариуцлага хүлээх юм бэ” гэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Төсвийн хүрээний мэдэгдэл дээр үндэслэж улсын төсвийн төслийг оруулж ирдэг. Эдийн засаг хөгжлийн сайд улсын төсвийн хүрээний мэдэгдэл өгдөг. Тэгэхээр улсын төсвийн хүрээний тоо алдаатай байна гэсэн үг. Өнгөрсөн жил Эдийн засгийн хөгжлийн сайдыг томилж байх үед эдийн засаг долоон хувийн өсөлттэй байлаа. Харин валютын нөөц 5,5 тэрбум төгрөг. Экспортын хувьд урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрсэн үе байсан” гэв.

"ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ХУУЛИЙГ БҮХЭЛД НЬ ЗӨРЧӨӨД БАЙНА"

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл аргаа барж байна. Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх биш. Эхлээд тодотголын чинь төсөл гарчихсан байгаа шүү дээ. Бид бүгд мэдэж байгаа. Төсвийн тогтвортой байдлын хуулийг бүхэлд нь зөрчөөд байна. Та бол эдийн засгийн хөгжлийн яам руу чихэх гээд байна. Тодотголоо дагаж төсвийн хүрээний мэдэгдэл чинь яваад байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Таны ярьж байгаа бүгд зөв. Төсвийн тогтвортой байдлын хууль дээр бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг оруулж өгөх ёстой. Тогтвортой байдлын хуулийг бид аймар сүрхий хууль баталсан гэж ойлгодог. Алдаатай юм бас бий. Энэ хууль амьдралд нийцэхгүй байна. Төсвийн тодотгол хийх гэхээр төсвийн хүрээний мэдэгдэл хийх шаардлагатай болно” гэсэн юм.