Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Даваасүрэнг томилохыг дэмжлээ

Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Даваасүрэнг томилохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.07.04/ хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг зөвлөлийн саналыг харгалзан ТББХ хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ гэж заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нийтийн өмчийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” болон дагалдах бусад хууль, тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар дэмжлээ.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ТББХ-ны даргаар томилогдсонтой холбогдуулан Халдашгүй байдлын дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.