Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, Д.Рэгдэл, А.Ариунзаяа, У.Отгонбаяр, М.Сарнай, Н.Батсүмбэрэл, М.Мандхай нар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ хийх замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн баталгаат байдлыг хангахтай холбогдсон стратегийг тодорхойлжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.1.4.-д “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.
Дээр дурдсан хууль тогтоомжид заасан зорилго, зорилтын хүрээнд баталгаат хүнсээр хэрэглэгчийг хангахтай холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна гэж хууль санаачлагчийн зүгээс үзсэн байна.