Японы эзэн хаан Монгол Улсад анх удаа айлчилж, "Түүхийн шинэ хуудас" нээгдэж байна

Японы эзэн хаан Монгол Улсад анх удаа айлчилж, "Түүхийн шинэ хуудас" нээгдэж байна

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр /2025.07.08/ тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв талбайд ёслол төгөлдөр хүндэтгэн угтан авна.

Японы эзэн хааны айлчлал бол зүгээр нэг дипломат харилцааны хэсэг бус, энэ бол түүхийн бүдэг хуудсыг тод үсгээр бичиж, хоёр улсын ард түмний найрамдал, итгэлцлийн мөнх билэг тэмдэг болон үлдэх онцгой агшин юм. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нь Японы түүхэн дахь 126 дахь эзэн хаан бөгөөд энэхүү төрийн айлчлал нь Японы эзэн хаан анх удаа Монгол Улсад албан ёсоор хөл тавьж буй түүхэн анхны тохиолдол болж байна. Ийнхүү хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээж, дипломат найрсаг харилцааны оргил цэгт хүрсэн энэ айлчлал XXI зууны Монгол-Япон нөхөрлөлийн алтан бичээс болон мөнхөрнө. 

-ЯПОНЫ ЦОГТ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ХАТАН МАСАКО-

Японы Эзэн Хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токио хотод мэндэлжээ. Тэрээр Гакүшүин их сургуулийн түүхийн ухааны бакалавр (1982), Оксфордын их сургуульд гидрологийн чиглэлээр суралцаж (1983), дэлхийн олон орныг аялж, соёл, түүх судлалын чиглэлээр идэвхтэй боловсрол эзэмшсэн нэгэн.  Тэрээр 1988 онд эх орондоо эргэн ирж, Гакүшүин их сургуулийн магистрын хөтөлбөрийг дүүргэсэн байна. 

Түүний эцэг, Японы 125 дахь Эзэн Хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд сайн дураараа хаан ширээнээсээ бууж, тавдугаар сарын 1-нд Нарүхито Эзэн Хаан сэнтийд залран, “Рэйва” буюу “Үзэсгэлэнт зохицол”-ын эрин үе Японд эхэлсэн юм.

Хатан Масако 1963 оны арванхоёрдугаар сарын 9-нд Токио хотод төрсөн. Харвардын их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг дүүргэж (1986), улмаар Оксфордын их сургууль, Японы Гадаад хэргийн яаманд дипломат алба хашсан. Тэд 1993 онд сүй тавьснаа зарлаж, 2001 онд охин Гүнж Аико мэндэлжээ. Өдгөө Гүнж Японы Улаан загалмай нийгэмлэгт ажиллаж байна.

-ЯПОН УЛСЫН НЭГ ХҮНД НООГДОХ ДНБ 33 МЯНГАН АМ.ДОЛЛАРТ ХЭМЖИГДЭЖ БАЙНА-

Дэлхийн II дайны дараа 1946 онд шинээр батлагдсан Японы Үндсэн хуулийн “Эзэн Хаан” хэмээх 1 дүгээр бүлгийн 1 дүгээр зүйлд  “Эзэн Хаан нь Япон Улсын бэлгэ тэмдэг бөгөөд Японы ард түмний эв нэгдлийн бэлгэдэл юм” гэж заасан байдаг.  

Япон Улс 377,926 км² газар нутагтай, 6848 арал дээр оршдог. Хүн ам нь 123.3 сая (2025 оны 5-р сарын байдлаар), үндэстний 98.5 хувийг япон үндэстэн бүрдүүлдэг. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87, эрэгтэйчүүдийнх 81 жил, нийт хүн амын 29.3 хувийг 65-аас дээш настай ахмад үе бүрдүүлж буй. Засгийн газар хүн амын тоог 100 саяаас дээш барих зорилт тавин ажиллаж байгаа аж.

Япон улс Үндсэн хуульт хаант засаглалтай. Эзэн хаан нь төрийн шийдвэр гаргагч бус, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл юм.

Японы эдийн засаг дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 4.2 их наяд ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ нь 33,960 ам.доллар, дундаж сарын цалин нь 2,473 ам.доллар байна.