Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.
Өчигдөр /2025.07.08/ Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт албан ёсоор угтан авсан. Мөн сүмо бөхийн их аваргууд болох Хакүхо М.Даваажаргал, Асашорюү Д.Дагвадорж, Харумафүжи Д.Бямбадорж нар уг ёслолд оролцсон бөгөөд Японы эзэн хаанд ёслол хүндэтгэлийн дээд хэлбэрийг үзүүлж, их буугаар ёслолын буудлага хийсэн билээ.
Түүнчлэн монгол дээл хувцсаараа гоёсон олон монгол иргэд Японы эзэн хааныг угтах ёслолд оролцож, “Баярлалаа, Тавтай морил” гэсэн үгсийг Япон, Монгол хэлээр бичин барьж зогссон. Тэгвэл уг үйл явдлыг Япон улсын иргэд өндрөөр үнэлж, маш их талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
🇲🇳ありがとう、日本🇯🇵 pic.twitter.com/HFntfJ4AQH
— 🇲🇳🇯🇵ミスターモンゴル (@Morinhoor) July 8, 2025
Тодруулбал Япон иргэд Монголчуудад хандан, “Тэдэнд үнэхээр их баярлалаа. Монгол дээл хувцас үнэхээр сайхан юм”, “Үнэхээр тансаг сайхан хувцас хэрэглээтэй ард түмэн юм”, “Би Монголд хайртай”, “Эрхэм Монголын ард түмэн эзэн хааныг маань халуун дотноор хүлээж авсан баярлалаа”, “Үнэхээр халуун дулаан мэдрэмж төрүүлж байна”,
“Эзэн хааныг маань халуун дотноор хүлээн авсанд маш их талархаж байна. Монгол орон мөнхөд амар амгалан байж, хөгжиж цэцэглэж байхын төлөө үргэлж залбирч байна аа”, “Үнэхээр халуун дулаан мэдрэмжийг авлаа. Монгол хүмүүст үнэхээр их баярлалаа”,
“Бид үнэхээр их талархаж байна, цаашдын нягт хамтын ажиллагааг хүлээж байна”, “Бүх монгол хүмүүст үнэхээр их баярлалаа”, “Бид Монголчуудын сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй”, “Эзэн хааны маань айлчлалд анхаарал хандуулсанд үнэхээр их баярлалаа”, “Монголчуудын сайхан сэтгэлд хариу барихыг хүсэж байна”, “Гаднын орнуудтай харилцах нь сэтгэл дулаацуулдаг, сайн зүйл гэдгийг мэдрүүлсэн монголчуудад маш их баярлалаа”, “Монгол найзууд минь маш их баярлалаа”, “Монголын хөгжил цэцэглэлт, амар амгалангийн төлөө үргэлж залчирч байна” гэх мэт талархсан сэтгэгдлүүдийг үлдээжээ.
Японы эзэн хааны айлчлал бол зүгээр нэг дипломат харилцааны хэсэг бус түүхийн бүдэг хуудсыг тод үсгээр бичиж, хоёр улсын ард түмний найрамдал, итгэлцлийн мөнх бэлгэ тэмдэг болон үлдэх онцгой агшин юм. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нь Японы түүхэн дахь 126 дахь эзэн хаан бөгөөд энэхүү төрийн айлчлал нь Японы эзэн хаан анх удаа Монгол Улсад албан ёсоор хөл тавьж буй түүхэн анхны тохиолдол болж байна. Мөн Япон улс Үндсэн хуульт хаант засаглалтай. Эзэн хаан нь төрийн шийдвэр гаргагч бус, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл юм. Тэр ч утгаараа Японы ард түмэн эзэн хаанаа маш их хүндлэн дээдэлдэг бөгөөд халуун дотноор угтан авсан Монголчуудад чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна.