Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцэн, жил бүрийн долдугаар сарын 11-ний энэ өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Энэ өдрөөс эхлэн дэлгэр Монголын Үндэсний их баяр наадмыг Дэлхийн адууны өдөртэй таширлан тэмдэглэх бэлгэ дэмбэрэл, өлзий учрал бүрдэж байна. Монгол хүн, монгол морь амь нэгтэй гэж манай ард түмэн ярьдаг. Монголчууд бид Төрийнхөө сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой ард түмэн билээ. Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулахаар Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцээд жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар дэлхий нийтээрээ тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Адууны өв соёлыг өвлөн уламжилсан морьтон улс орон, ард түмэн бүхэнд “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье" гэв.