БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг УИХ-аар эцэслэн баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөдөр /2026.06.05/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр уг хууль нь анх 1991 онд социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн үед түр хугацаанд хэрэглэх зорилготой байсан гэдгийг онцлов. Тухайн үед өмч хувьчлал өрнөж, төрийн өмч эзэнгүйдэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилдог байсан аж. Харин 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар БНМАУ-ын үеийн хууль тогтоомжуудыг шинэчилж, Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилсөн ч уг хуулийг 2019 оноос дахин ашиглаж эхэлсэн гэж тэрээр мэдэгдэв.
С.Цэнгүүний хэлснээр, тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-т онц байдал зарлаж БЭТ томилсноор эхэлсэн энэ зохицуулалт цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой бусад аж ахуйн нэгжүүдэд хэрэгжсэн байна. Нийт таван удаа БЭТ томилогдсоноос дөрөв нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамаарчээ. Тэрбээр уг хууль нь Үндсэн хуультай зөрчилдөхөөс гадна “онц байдал зарласан үйлдвэрийн газар, байгууллага” гэх ойлголтыг өргөн хүрээнд тайлбарлах боломжтой байсан нь хувийн өмчид халдах эрсдэл үүсгэж байсныг онцолсон юм. Мөн БЭТ-д олгосон өргөн эрх мэдэл нь хариуцлагын тогтолцоог сулруулж, гаргасан шийдвэрт нь хариуцлага тооцох боломжийг хязгаарлаж ирсэн гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн хуульд хэрэглэсэн “үйлдвэрийн газар, байгууллага” гэх нэр томьёо нь өнөөгийн компанийн эрх зүйн олон хэлбэрийг тусгаагүй, тодорхой бус болсон гэж тэрээр тайлбарлав. Засгийн газар энэхүү тодорхойгүй зохицуулалтыг өргөтгөн тайлбарлаж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад онцгой дэглэм тогтоох үндэслэл болгон ашиглаж ирсэн нь компанийн засаглалд захиргааны хяналт давамгайлах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна. Ингэснээр өнөөдрөөс эхлэн төрийн болон хувийн өмчит компаниудад Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгч томилох эрх зүйн үндэсгүй болж байгааг С.Цэнгүүн онцоллоо. Харин аж ахуйн нэгжийн удирдлага хууль зөрчсөн, алдаа гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох одоогийн эрх зүйн тогтолцоо үйлчлэх ёстой гэв.