С.Зоригийн хэргээр ял эдэлж байсан Т.Чимгээд Хотын дарга асан Х.Нямбаатар нөөц хөрөнгөнөөсөө хоёр өрөө орон сууц олгож байсан баримт ил боллоо

С.Зоригийн хэргээр ял эдэлж байсан Т.Чимгээд Хотын дарга асан Х.Нямбаатар нөөц хөрөнгөнөөсөө хоёр өрөө орон сууц олгож байсан баримт ил боллоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг одоогоос гурван жил гаруйн өмнө прокуророос хэрэгсэхгүй болгосон байдаг. 

Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явагдаж, улмаар мөрдөх байгууллагаас "Гэмт хэрэг үйлдсэн хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байна" гэсэн үндэслэлээр таван удаа хэргийг хаах саналтай ирүүлсэн. Энэ дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон" хэмээж байв. 

Мөн үүнтэй холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх ажлын хэсэг байгуулсан" байдаг. 

Тэгвэл өнгөрсөн жил Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар Т.Чимгээгийн хүсэлтээр түүнд 2 өрөө орон сууц олгох шийдвэрийг гаргаж байсан талаарх баримт ил боллоо. 

Тодруулбал,  Нийслэлийн Засаг даргын захирамжаар Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт хилсээр хэлмэгдэж цагаатгагдсан иргэн Т.Чимгээд амьдралын нөхцөлийг нь харгалзан үзэж орон сууц олгох шийдвэр гаргасан гэжээ. 

Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах Баянхошуу 20 айлын орон сууцнаас 39.4 кв.метр талбайтай 2 өрөө орон сууцыг олгохоор тусгасан байна. Мөн уг орон сууцны үнийн дүн болох 128,709,398 (нэг зуун хорин найман сая долоон зуун есөн мянга гурван зуун найм) төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг даалгасан байх аж.