СУРВАЛЖИЛГА: Үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд байгаа 200 гаруй өрхөөс нэг ч айл нүүхгүй гэв

СУРВАЛЖИЛГА: Үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд байгаа 200 гаруй өрхөөс нэг ч айл нүүхгүй гэв

Өнгөрөгч долоодугаар сарын 2-нд болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар үерийн өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудал хөндөгдсөн. Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва "Үер усны эрсдэлтэй газруудад онцгой анхаарах шаардлагатай. Есөн дүүргийн Засаг дарга нар үерийн аманд буусан айлуудад мэдэгдэх хуудас хүргүүлж, шаардлагатай тохиолдолд албадан нүүлгэх хүртэл арга хэмжээ ав. Яармаг орчимд үерийн эрсдэл нэмэгдсэн. Улаанбаатар хотод үерийн аман дээр амьдарч буй 1900 гаруй өрх байна" хэмээн мэдэгдсэн.

Энэ асуудлын хүрээнд бид нийслэлийн хамгийн өндөр эрсдэлтэй бүсүүдийн нэг болох Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байх 200 орчим өрхийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.

ВИДЕО:

Хэдхэн хоногийн өмнө орсон аадар борооны дараа Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туул голын эрэг дагуу байрлах айлууд үерт автсан юм. Ус хэдхэн цагийн дараа татарсан ч хашаануудад үлдсэн лаг шавар, чулуу, модны мөчир, хог хаягдал, усанд автсанаас болж урссан засмал зам зэрэг нь үер хэр хүчтэй байсныг илтгэнэ. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэл хамгийн өндөртэй бүсүүдийн нэг.

Албаныхны мэдээллээр энд үер буух өндөр эрсдэлтэй дөрвөн бүс байдаг бөгөөд зөвхөн эдгээр хэсэгт 200 гаруй өрхийн 700 гаруй хүн амьдарч байна. Тэдний олонх нь хуурай сайр, жалга, усны урсац дайран өнгөрдөг байгалийн суваг болон Туул голын хамгаалалтын бүсэд суурьшжээ. Эдгээр өрхөд жил бүр үерийн эрсдэлийн талаар сануулж, газар чөлөөлөх шаардлага хүргүүлдэг. Гэсэн ч дараа жилийн борооны улирал эхлэхэд өнөөх айлууд яг л байсан газартаа байсаар л байдаг.

-ОЧИХ ГАЗАРТАЙ, ОРОХ ОРОНТОЙ БОЛ НҮҮХЭЭС ТАТГАЛЗАХГҮЙ ШҮҮ ДЭЭ-

Үерийн дараахан хашаагаа цэвэрлэж байсан 60 гаруй насны эмэгтэй “Манайд энэ бол шинэ юм биш ээ. Арваад жилийн өмнө ч ус орж байсан, түүнээс өмнө ч орж байсан. Жил бүр "нүү" гэсэн бичиг ирдэг. Бид уншдаг. Гэхдээ тэр бичгийн ард ‘хаашаа нүүх талаар’ ганц өгүүлбэр байдаггүй” гэж ярив. Түүний гэр бүл энэ газарт 50 гаруй жил амьдарчээ. Байшингаа өөрсдийн хүчээр барьж, мод тарьж, хашаагаа тохижуулсан байна. Мөн тэрбээр “Энд бидний амьдрал бий. Хүүхдүүд маань эндээс сургууль төгссөн. Бүх хөрөнгө маань энэ газар. Нүү гэдэг амархан үг. Харин өөр газар амьдрал шинээр босгоно гэдэг өөр асуудал.  Нүүе гэж боддоггүй хүн байхгүй. Гэхдээ мөнгөгүй хүн хаашаа явах юм бэ. Хотод газар авах мөнгө байхгүй. Байр авах боломж бүр байхгүй” гэсэн юм. 

Өөр нэг иргэн “Аминдаа хайргүй хэн байх вэ. Нүү гээхд нь нүүгээд явах боломжтой бол сайхан л байна. Очих газартай, орох оронтой бол нүүхээс татгалзахгүй шүү дээ. Бид энэ байшинг барих гэж олон жил хөдөлмөрлөсөн. Одоо бүгдийг нь орхиод яв гэхээр үнэхээр боломжгүй. Харин энэ хавиар олигтойхон шиг далан бариад өгвөл баярлана” гэж ярив. Иргэдийн ярианаас нэг зүйл тодорхой анзаарагдаж байгаа нь тэд “нүүхгүй” гэж зөрүүдэлж байгаа юм биш, харин “нүүх боломжгүй” гэдэг үгийг илүү олон удаа хэлж байлаа.Үерийн дараа албаныхан ирж нөхцөл байдалтай танилцдаг, эрсдэлийн талаар зөвлөмж өгдөг, шаардлага хүргүүлдэг талаар иргэд хэлсэн. Гэвч шинэ газар, нөхөн олговор, түр суурьшуулах шийдэл зэрэг бодит хувилбарын талаар мэдээлэл авч байгаагүй гэж ярьсан юм. Жил бүрийн борооны улирал эхлэхэд үерийн эрсдэлийн тухай сануулга, газар чөлөөлөх мэдэгдэл давтагддаг ч эндхийн айлуудын амьдрал, оршин суугчдын тоо бараг өөрчлөгддөггүй. Туул голын эрэг дагуу үлдсэн лаг шавар хатаж амжаагүй байхад дараагийн бороо хэзээ орохыг хэн ч мэдэхгүй. Харин тэр бороо ороход энэ газарт 700 гаруй хүн үер буух вий гэж чичирч суух нь.

-УЛААНБААТАР ХОТОД ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ТУХАЙ ЯРИА ШИНЭ СЭДЭВ БИШ-

Жил бүрийн зуны улиралд орсон хүчтэй аадар борооны дараа зарим байршил усанд автдаг тухай бид мэднэ. Жишээлбэл, 2023 оны долоодугаар сарын эхээр орсон аадар бороо нийслэлийн хэмжээнд сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй томоохон үерийг дагуулсан. Сэлбэ, Туул, Улиастай зэрэг голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, олон байршилд гол эргээ даван үерлэсэн юм. Олон арван айл өрх усанд автаж, автозамууд хаагдаж, гүүрүүдийн хөдөлгөөн түр хугацаанд хязгаарлагдсан. Аврагчид иргэдийг нүүлгэн шилжүүлж, бага насны хүүхэд, өндөр настнуудыг аюулгүй бүс рүү гаргах ажиллагааг шөнөжин үргэлжлүүлж байв. Тэр үерийн дараа үерийн ам, жалга, сайр, голын хамгаалалтын бүсэд суурьшсан айл өрхүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудал дахин сөхөгдөж байсан. Хотын хэмжээнд эрсдэлтэй бүсэд байрлах айл өрхүүдийн судалгааг шинэчилж, ус зайлуулах байгууламжийг өргөтгөх, хамгаалалтын далан барих, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх талаар албаныхан мэдэгдэж байлаа.

Үерийн эрсдэлийг бууруулах тухай ярихад инженерийн байгууламж, далан суваг, ус зайлуулах шугамын талаар ихэвчлэн ярьдаг. Харин энэ хороонд тулгамдсан асуудал нь зөвхөн инженерийн шийдэл биш, амьдрах орчны асуудал болон хувирчээ. Эндхийн хүмүүс байгалийн эрсдэлийг үгүйсгэдэггүй. Харин эрсдэлээс гарах боломжийн талаар ярьдаг. Нүүхийг зөвшөөрөхөөсөө өмнө хаана амьдрах вэ гэдгээ асуудаг. Өнгөрсөн долоо хоногийн үерийн дараа ч энэ дүр зураг өөрчлөгдсөнгүй. Ус татарч, лаг шаврыг нь цэвэрлэсэн ч айлууд гэрээ буулгаагүй. Хүүхдүүд нь өнөөх л хашаандаа тоглож, томчууд нь эвдэрсэн хашаагаа дахин босгож байлаа. Байгаль өөрийн жамаараа урсана. Бороо дахин орно. Харин тэр болгонд үерийн аманд үлдсэн айл өрхүүдийн өмнө тавигдах асуулт бахь байдгаараа. “Нүүх үү. Эсвэл үлдэх үү” Одоогоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 200 гаруй өрхийн олонхын хувьд энэ асуултын хариулт өөрчлөгдөөгүй байна. Учир нь тэдний ярьдгаар “нүү” гэсэн шаардлага жил бүр ирдэг ч, “хаашаа” гэсэн шийдэл өнөө хэр байхгүй байгаа юм.