Цахим орчинд “Хөзрийн хатан” нэрээр залилан хийсэн гэх хэрэгт холбогдсон Н.Доржмаа гэх эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан бөгөөд түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард /2026.04.07/ олж тогтоон, баривчилсан байдаг.
ВИДЕО:
Тодруулбал, Н.Доржмаа гэх эмэгтэй нь цахим орчинд “Хөзрийн хатан” нэрээр фейсбүүк хаяг үүсгэн үүгээрээ дамжуулан “Мэргэлнэ, засал хийнэ” гэх үйлдлийн аргаар иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан бусдад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм. Улмаар түүнийг энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.
Тэгвэл “Хөзрийн хатан” нэрээр лайв бичлэг хийдэг байсан Н.Доржмаа гэх эмэгтэй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болж, өдгөө тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг шалгах ажиллагаа удааширч, хохирогч иргэд хохирлоо барагдуулж авахад хүндрэл учирч байгаа гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.
Тухайн этгээд нь засал ном хийнэ гэх нэрээр бусдын албан бөгж, гинж зэргийг нь залилж авах, их хэмжээний мөнгө зээлэх, өндөр үнээр үйл хийнэ гэх зэргээр бусдад хохирол учруулдаг байсан аж. Тухайлбал, иргэн Б нь орон нутгаас Хөзрийн хатан гэх эмэгтэйтэй холбогдож, "засал хийлгэнэ" хэмээн 72 сая төгрөгөө шилжүүлэн залилуулсан байгаа юм.
Ер нь сүүлийн үед цахим сүлжээнд элдэв төрлийн мэдээлэл хийж, үзэл бодлоо илэрхийлж, цахим мөрийтэй тоглоом зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг зарим нэр бүхий иргэдийг сэтгэцийн хувьд ямар нэгэн байдлаар өөрчлөлттэй байж магадгүй гэдгийг хэлэх хүн олон байдаг. Ямартай ч "Хөзрийн хатан" нэрээр олон дагагчтай болж, "мэргэлнэ, засал хийнэ" хэмээж иргэдээс олон тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт холбогдсон Н.Доржмаа гэдэг эмэгтэй өдгөө СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаатай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа удааширч, хохирогч иргэд хохирлоо барагдуулж авах боломжгүй нөхцөл байдал үүсэж магадгүй болоод байгаа аж. Тиймээс иргэдийг цахим сүлжээн дэх мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, аливаа төрлийн гэмт хэргийн хохирогч болж, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.
Бид дээрх хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
