Шатахууны хомсдолтой холбоотойгоор М.Орхонтуул гэх иргэн сүүлийн үед олон нийтээс хандив цуглуулж, "Ард түмний колонк" барина хэмээгээд байгаа.
Тэрбээр энэ талаар "Ард түмний колонк барина. Зургаан хоногийн дотор 109 сая төгрөг цугларсан. Зүгээр итгээд л байж бай. Чанартай хямд бензин иргэдэд түгээнэ. Би чадахгүй бол буцаагаад ард иргэдэд мөнгийг нь өгчихнө. Хүн сүгнүүд атаархаад эсэргүүцэж байна. Итгэлийнх нь сүүлчийн үзүүр нь би учир ОХУ руу явлаа. Ард түмний колонк барих хандивт оролцсон хүн болгон хувьцаа эзэмшинэ" гэдгийг тодотгож буй.
Харин түүний энэхүү үйлдлийг зарим иргэд "Залилангийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул хуулийн байгууллага шалгах ёстой. Хандив нэрийн дор иргэдээс их хэмжээний мөнгө цуглаалж, иргэдийг талцуулах байдал үүсгэж, залилах гэмт хэрэг үйлдэж байна" гэхчлэнгээр шүүмжилж байна. Хэрэв түүнийг залилах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй хэмээн үзэж, шалгавал 12 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж магадгүй юм. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг гэсэн 12 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар ял шийтгэх хуулийн зохицуулалттай аж.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл. Залилах
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Ташрамд өгүүлэхэд, улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 15,628 гэмт хэрэг бүртгэгдсэний 79 гэмт хэрэг нь хандив, тусламж авах нэрийдлээр үйлдэгдсэн хэрэг байна. Тухайлбал, өвчтэй, зовлонтой хүүхэд, иргэдэд туслах, эмчилгээний зардал, орон гэргүй болсон, эд хөрөнгөө алдсан гэж худал мэдээлэл тараах зэрэг асуудлаар хандив цуглуулж, бусдыг залилсан байгаа юм.