"Ээж минь биднийг хатуу чанга, эрүүл өсгөсний хүчинд Цагааны Цэгмидийн гурван хүү 'Ромео Жульетта' балетын тайзнаа хамт гарах гэж байна"

"Ээж минь биднийг хатуу чанга, эрүүл өсгөсний хүчинд Цагааны Цэгмидийн гурван хүү 'Ромео Жульетта' балетын тайзнаа хамт гарах гэж байна"

Монголын тайз, дэлгэцийн урлагийн түүхэнд анхны Юндэн, Цогт тайжийн дүрээрээ мөнхөрч, анхны МУАЖ цолыг хүртсэн эрхэм уран бүтээлч Цагааны Цэгмидийн хүүхдүүд уран бүтээлээ туурвисаар, Монголын урлагт хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Тэр дундаа өнөөдөр /2026.11.06/ СТӨ-ний тайзнаа тоглогдох “Ромео Жульетта” балетын жүжигт Цагааны Цэгмид агсны гурван хүү МУАЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА, балетчин Ц.Төмөрсүх нар нэгэн тайзнаа гарах онцлог үйл явдал болж буй юм. Урлагийн салбарт ховорхон тохиолдох энэхүү үйл явдлыг алгасчихвал алдас болох тул жүжгийн хөшиг нээгдэхээс урьтаж, сурвалжилахаар СТӨ-г яаран зорилоо. Зорилго биелж, ах дүү гурав бидэнд гэр бүлийн халуун дулаан дурсамж, урлагийн хүний эрхэмсэг дүрийн цаана орших эгэл амьдралын түүхээ энгүүн хүүрнэсэн юм. 

ВИДЕО: 

Ярилцлагаа бид аавын тухай дурсамжаар эхлүүллээ. МУАЖ Ц.Төмөрбаатар “Аав маань Монголдоо нэртэй жүжигчин байсан тул үр хүүхэд, хань ижлийнх нь хувьд мэдээж уран бүтээлч болох хүсэл мөрөөдөл байлгүй л яахав. Аав минь амьд сэрүүн байхдаа эгчийг минь хөтөлж яваад Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурын ангид оруулж байсан юм билээ. Эгч  минь тэрийгээ байнга дурсаж ярьдаг юм.

МУАЖ Ц.Төмөрбаатар

Харин бид гурвыг уран бүтээлч болоход хамгийн их нөлөөлсөн хүн ээж минь. Бага байхад аав чинь ийм хүн байсан, ингэж ярьдаг байсан гэж үргэлж хэлдэг байлаа. Мөн биднийг аавтайгаа адилхан уран бүтээлч, жүжигчин болох талаар нэг биш удаа лавлаж, сонирхлыг маань энэ рүү чиглүүлдэг байсан. Намайг лав аравдугаар анги төгсөхөд “Миний хүү нэг өөрийнхөө авьяасыг шалгуулаад, жүжигчний ангид орж болохгүй юмуу” гэж асууж байсан. Уг нь би онгоцны нисгэгч болъё гэж мөрөөддөг байсан юм.  Тэгээд ээжийнхээ хэлснээр шалгалт өгч сургуульдаа орж байлаа. Сургуульд ороход ч бас аавын минь нэр сүр нөлөөлсөн болов уу л гэж боддог юм. Үүнээс хойш аавынхаа нэрийг  газарт унагахгүйхэн шиг явах юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон доо. Ээж минь ч бас үргэлж хэлж ярьдаг л байсан юм. Ээжийн минь гавьяа тэр.  Эгч минь төгөлдөр хуурч. Нэг ах маань, Төмөрхуяг бид хоёрын дунд байдаг охин дүү маань тэнгэрийн оронд явсан. Одоо бид дөрөв л ингээд байж байна даа” хэмээлээ.

Зүүн гар талаас: МУСТА Ц.Төмөрсүх, МУАЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ц.Төмөрхуяг

МУГЖ Ц.Төмөрхуяг  “Аав минь уран бүтээлч байсан учраас бидний хувьд уран бүтээлчийнхээ хувьд ч тэр, хүнийхээ хувьд ч тэр зорилго маань маш өндөр болсон. Багаасаа аавын хайр энхрийллийг мэдэрч амжаагүй хэдий ч хүчтэй сэтгэл зүрхтэй, дайчин байх, урлагийн тавцанд хүчтэй амьдрах зорилгуудад аавын минь нэр, гавьяа зүтгэл асар их. Мэдээж ахын ярьснаар манай ээж бол үнэхээр аавын оронд аав, ээжийн оронд ээж болж амьдарсан даа. Аавыг бурхан болоход манай хамгийн том нь найман настай байсан гэдэг юм.  Уран бүтээлч болох замыг бид өөрөө сонгосон. Гэхдээ миний ээж бол аавыг маань дэмждэг байсан шигээ биднийг дэмжсэний нөлөө хамгийн их байгаа. Манай дүүг бүр бага байхад Украин руу балетын сургуульд явуулж байлаа шүү дээ” гэсэн юм.

МУГЖ Ц.Төмөрхуяг

Энэ талаар МУСТА, балетчин Ц.Төмөрсүх дурсахдаа “Украин явахдаа би 12 настай байлаа. Урлагийн гэр бүлд өсөж, торнисон хэдий “урлаг” гэж юу болохыг ч ойлгоогүй л байлаа. Энэ үед эгчийг аав хөтөлж хөгжимчин болгосон шиг ээж минь намайг хөтөлж балетын сургуульд шалгуулж байлаа. Тэр үед яагаад ч юм тэнцчихсэн. Тэгээд л 1977 онд Киевын балетын сургуульд явж байсан” хэмээв. 

МУСТА Ц.Төмөрсүх

Үргэлжлүүлэн тэдний бага насны гэгээн дурсамжаар аяллаа. Хүүхэд насанд тань танай гэр багахан хэмжээний театр шиг л байсан байх даа гэсэн саваагүй асуултыг минь тэд эрс үгүйсгээд, “Манай гэрт урлагийн дэг огт байгаагүй” гэсэн хариулт өглөө. Ц.Төмөрхуяг  “Манай эгч л өглөө унтаж байхад хөгжмөө дараад сууж байдаг байсан. Бид нар тэрийг нь сонсох дургүй. “Наадхаа чимээгүй болгож болдоггүй юмуу” гээд л хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрдөг байлаа. Манай ах бол бүр хөлбөмбөг тоглоод алга болчихно. Би бол орцонд нэг гитар тоглодог байсан. Манай дүү бол багадаа их хөдөлгөөнтэй, подвольд лаа асаагаад явж байдаг байлаа шүү дээ. Тэрнээс манайд тийм урлаг уран сайхан байхгүй. Ээж минь их хатуу хүн байлаа. Амралтын өдрөөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ, шалаа угаана. Ээж нарийн тамхиа татаж сууж байгаад, босч ирээд цоо шинэ хөвөнгөөр буланг нь арчиж үзээд “Дахиад угаа” гэдэг хүн байсан. Энэ хатуужил л биднийг хүн болгосон байх” гэхэд Ц.Төмөрбаатар “Хүн харахад их хямсгар харагддаг, жижигхэн шар хүүхэн шүү дээ, миний ээж” гээд инээмсэглэж суусан юм.

МУАЖ Ц.Төмөрбаатар

Тэд мөн аавынхаа энэ том нэрийг сэвтүүлэхгүй авч явна гэдэг асар хүнд даалгавар болохыг дурсаж гэхдээ авч явсаар байгаад л гурвуулаа өнөөдөр тэтгэвэртээ гарч, ахмадын тоонд орчихсон нэгэн тайзан дээр гарч байгаадаа их л бахархалтай байлаа. Тэд ховорхон тохиох энэ завшааныг ээжийнхээ гавьяа гэж боддог ажээ. Энэ талаар Ц.Төмөрбаатар “Ээж маань бид нарын эрүүл мэндийг маш их хамгаалж байсан юм шиг байгаа юм. Тийм ч учраас бид өнөөдөр эрүүл энх, ажлаа хийгээд явж байгаа байх. Эцгийнхээ мэргэжлийг өвлөөд он удаан жил ажиллаасай гэж хүсэж мөрөөдөж байсан байхдаа ээж минь гэж би боддог юм” хэмээн дурсаж байлаа. Түүнчлэн нэртэй, төртэй аавын нөмөр нөөлөг мэдээж байгаа л даа. Аавынхаа нэр сүрийг өргөж урлагтаа үнэнч байсан, урлагийнхаа төлөө бүх амьдралаа зориулж байсан учраас ээж маань ч тэрийг нь хатуу баримталж байсан юм шиг байгаа юм. Өнөөдөр ээж минь амьд байсан бол баярлаад л сууж байгаа байх даа" гээд л. Ярьсан бүхнээ, аавынхаа ч тэр, өөрсдийнхөө ч тэр амжилтыг ээжтэйгээ л холбохыг хүсдэг тэтгэвэртээ гарсан ч уран бүтээлээ хийсээр л буй ээжийн гурван хүү. 

Зүүн гар талаас: МУСТА Ц.Төмөрсүх, МУАЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ц.Төмөрхуяг

"Урлаг бол том шүү дээ. Бид урлагт зүтгэсэн, үнэлүүлсэн, хийсэн зүйлтэй, ярих зүйлтэй байгаа учраас нэг тайзан дээр гурвуулаа гарах нь надад бахархалтай л санагдаж байна. Барагтай аавын хүү энэ тайзан дээр гараад, энэ том жүжигт хамтдаа тоглохгүй байх. Дүүгийнхээ мэргэжлийн Ромео Жульеттай бүжгэн жүжигт тоглож байгаа. Анхандаа би балет, драм хосолсон ямар сонирхолтой жүжиг болох бол хэмээн олзуурхаж байснаас ах дүү гурав хамтдаа тоглож байгаагаа анзаараагүй юм. Гэтэл мөнхийн хайрын сэдэвт ийм сайхан жүжигт бид гурав хамт тоглож байна. Энэ бол хувь заяа" хэмээн Ц.Төмөрхуяг дурслаа. Ах бид хоёрыг балет бүжиглэнэ гэж хүмүүс бодоод байх шиг байгаа юм. Бид хоёр бүжиглэхгүй л дээ. Драмаа л тоглоно. Гэхдээ бас сонгодог хөгжмийн аянд жүжиглэхээр гар өөрийн эрхгүй туялзаад ирдэг юм билээ. Өөрт захирагдахгүй. Тэгээд л гэнэт “Өө, би чинь яаж байна аа. Балай юм хийгээд” гээд татаж авах жишээний" гэх мэт жүжгийн бэлтгэлийн үед тохиолдсон хөгжилтэй зүйлс тэдэнд олон ажээ.

МУАЖ Ц.Төмөрбаатар, МУСТА Ц.Төмөрсүх, "Ромео Жульетта" балетын жүжгийн бэлтгэлийн хэсгээс

Ах нар нь бол олон уран бүтээлд хамтдаа оролцсон драмын уран бүтээлчид. Харин Ц.Төмөрсүх бол сонгодог урлаг сонирхдог цөөхөн хэдэн хүний хайртай балетчин бас алс холын Киев, Монголын хооронд ирж буцан уран бүтээлээ туурвидаг, том уран бүтээлч. Тэр бас өнөөдөр өөрийнхөө “салбарт” ах нарыгаа урьж авчирчихаад хамт олныхоо дунд маадгар суугаа нэгэн. Ц.Төмөрсүх “Найруулагч надтай холбогдоод, хоёр ахыг жүжигтээ оруулах саналтай байгаагаа хэлсэн. Бид тэгээд л хоёр ахдаа дуулгаж байгаа юм л даа. Намайг бодоод зөвшөөрсөн ч байж магадгүй л хүмүүс. Гэхдээ би бол их баяртай байгаа” хэмээсэн юм.

МУАЖ Ц.Төмөрбаатар, МУСТА Ц.Төмөрсүх, "Ромео Жульетта" балетын жүжгийн бэлтгэлийн хэсгээс

Ийм амттай яриа сонсож суухад цаг харвасан юм шиг л өнгөрдөг аж. Бэлтгэлийн цаг болжээ. СТӨ-ий их танхимд "Ромео Жульетта" жүжгийн тайзыг бүрэн зассан байна. Одоо хурдлахгүй бол найруулагч “уурлана”. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд тэд “Энэ жүжиг бол найруулагчийн шинэлэг бодол юм. Үзэгчдийн хувьд бол сонирхолтой юм. Бидний хувьд азтай юм. Сонирхож байвал ирж үзээрэй” хэмээн үзэгч, уншигч таныг урьж байна.

МУАЖ Ц.Төмөрбаатар, "Ромео Жульетта" балетын жүжгийн бэлтгэлийн хэсгээс МУГЖ Ц.Төмөрхуяг, "Ромео Жульетта" балетын жүжгийн бэлтгэлийн хэсгээс