ВИДЕО: Хятадын дипломат ёслолын маргаан олон улсад шуугиан тарьж, Японы хэвлэлүүдийн гол сэдэв болоод байна

ВИДЕО: Хятадын дипломат ёслолын маргаан олон улсад шуугиан тарьж, Японы хэвлэлүүдийн гол сэдэв болоод байна

Японы Ерөнхий сайд Санаэ Такайчигт үзүүлсэн гэх дипломат ёслолын таагүй хандлага олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж, Япон, Тайвань, Өмнөд Солонгос, Хонконг, АНУ, Их Британийн хэвлэлүүдээр өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Тодруулбал,  энэ сарын 18-нд Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирэх үеэр маргаан дагуулсан энэхүү үйл явдал болжээ.

ВИДЕО: 

Түүнийг тээвэрлэсэн Японы Засгийн газрын тусгай онгоцны хаалга болон Хятадын талаас байрлуулсан онгоцны шатны тавцан хооронд ойролцоогоор 40 см-ийн өндөр зөрүү гарсан нь бичлэгт үлдсэн байна. Үүний улмаас Санаэ Такайчи онгоцноос буухдаа биеэ түшиж, болгоомжтой алхах шаардлагатай болжээ. Уг бичлэг олон нийтийн сүлжээнд тархсаны дараа Японы улс төрчид Хятадын талын угтах ёслолын зохион байгуулалт, аюулгүй байдлын арга хэмжээг шүүмжилж эхэлсэн байна.

Японы эрх баригч Либерал ардчилсан намын парламентын гишүүн, Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Ясүхидэ Накаяма энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хоёр улсын дипломат харилцаанд зөрчил байсан ч айлчилж буй улсын төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангах нь хүлээн авагч орны үндсэн үүрэг гэдгийг онцолж, шатны байрлуулалт болон аюулгүй байдлын шалгалтын талаар Хятадаас тайлбар шаардах ёстой гэж мэдэгдсэн байна.

Харин Японы хэвлэлүүд уг үйл явдлыг бусад улсын удирдагчдад үзүүлсэн угтах ёслолтой харьцуулан мэдээлжээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зэрэг удирдагчдыг угтах үеийн ёслолын ажиллагаа илүү өндөр түвшинд зохион байгуулагдсан бол Санаэ Такайчиг харьцангуй доогуур түвшний албан тушаалтан угтаж, цэцэг гардуулах болон хөгжмийн ёслол зохион байгуулаагүй нь мөн шүүмжлэл дагуулсан байна.

Түүнчлэн онгоцны шатны өндөр зөрүүг санаатайгаар бий болгосон эсэх талаар олон нийтийн сүлжээнд таамаглал өрнөсөн ч одоогоор Хятадын тал зориуд ийм нөхцөл бүрдүүлсэн гэх нотолгоо байхгүй байгаа ажээ. Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара өчигдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө уг өндөр зөрүүний талаар газар дээрх ажилтнууд урьдчилан мэдэж байсан бөгөөд аюулгүй байдлыг хангах зохих арга хэмжээг авсан гэж тайлбарлажээ.

Энэхүү маргаан зөвхөн Японы дотоодын улс төрийн хүрээнд бус, Тайвань, Өмнөд Солонгос, Хонконг болон барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч өргөн хүрээнд цацагдаж эхлээд байна. Ялангуяа Япон, Хятадын харилцаа Тайванийн асуудлаас үүдэн хурцадмал байгаа энэ үед уг үйл явдал хоёр улсын дипломат харилцааны эмзэг байдлыг дахин харуулсан хэрэг болжээ.  Ши Жиньпин, Санаэ Такайчи нар АПЕК-ийн арга хэмжээний үеэр хоёр удаа гар барьсан ч хоёр талын албан ёсны уулзалт зохион байгуулагдаагүй байна. 




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө