Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан С.Төмөр сэтгэлзүйчийн өрөөнөөс оргожээ

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан С.Төмөр сэтгэлзүйчийн өрөөнөөс оргожээ

Өчигдөр 14:30 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргосон. Одоогоор оргодлыг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байна.

Тус этгээдийг С.Төмөр гэдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй нэгэн аж.

Тэрбээр бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдан 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан гэх мэдээлэл байгаа юм.

Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хоригдогчтой хорих ангийн сэтгэлзүйч өрөөндөө дуудан уулзаж байгаад, орхин гарсны улмаас оргожээ.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад, "Одоогоор онц хүнд гэмт хэрэгтнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэж, хүнд гэмт хэрэгтэн оргон зайлсан" гэх мэдээллийг өглөө.

С.Төмөр нь гурван удаагийн ял шийтгэлтэй.

-2013 онд Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар нэг жил дөрвөн сар

-2014 онд Эрүүгийн хуулийн 145.2, 153.1-д зааснаар гурван жилийн ял авч байжээ.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг хулгайлах, 153 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх тухай зүйлчилсэн байдаг.