Бразилын Сан-Паулу хотын төв хэсэгт байрлах дөрвөн давхар худалдааны барилгын дээвэр  нурсан талаар эрх баригчид мэдээллээ. Ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртжээ.

Гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, осол болох үед барилга дотор 35 хүн байсныг бүгдийг нь аварчээ. Гэмтсэн дөрвөн хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж. Өмнө нь хэвлэлүүд ослын улмаас олон арван хүн гэмтсэн гэж мэдээлж байв. Сан-Паулу мужийн захиргаанаас урьдчилсан мэдээлэлд үндэслэн мэдээлснээр, барилгын нураагүй үлдсэн нэг өрөөнд 20 орчим хүн гацсан байжээ. Тус барилга нь Сан-Паулу хотын уламжлалт худалдааны төвүүдийн нэг болох Брас дүүрэгт байрладаг. Энэ бүсэд хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн борлуулдаг олон худалдааны төв бий. Орон нутгийн хэвлэлүүдээр гарсан гэрэл зургуудаас харахад худалдааны барилгын ихэнх хэсэг нурсан байна. Барилгын нүүрэн хэсэг бүрэн нураагүй ч арын хэсгийн ихэнх хийц бүтээц нурж унажээ.