БАРИМТ: Салхинд хийссэн шар хайсны нийлүүлэгч “Даян Байгаль” ХХК Өмнөговь аймгийн угтах хаалгыг мөн 700 саяар барьж байна

БАРИМТ: Салхинд хийссэн шар хайсны нийлүүлэгч “Даян Байгаль” ХХК Өмнөговь аймгийн угтах хаалгыг мөн 700 саяар барьж байна

Улаанбаатар хотын аваар осол их гардаг, зохиомол түгжрэл үүсгэгддэг байршлуудад авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг байрлуулсан. Уг ажлыг Улаанбаатар хотын дарга асан С.Батболдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар АЗЗА-ын компани хийж гүйцэтгэсэн байдаг. Нийт 4820 м урттай шар өнгийн хайс, хашлагыг сансарын тунель болон бусад газруудад байрлуулсан. Гэтэл тус хашлага энэ сарын 15-ны өдрийн хүчтэй салхи, бороонд унаж олон жолоочийн машиныг эвдэлж, хохироосон хэрэг гарсан билээ.

Уг шар хайсыг Өмнөговь аймгийн Даян-Байгаль ХХК 800 орчим сая төгрөгөөр БНХАУ-даас авчирч нийлүүлсэн нь тодорхой болсон.

Болсон хэрэг явдлын талаар Даян-Байгаль ХХК-ийн захирал Х.Байгалмаа “Бид шар хайсыг нийлүүлсэн. Суулгах, бэхлэх нь хотын захиргааны ажил. Тэр хайсыг тусгай хадаасаар бэхэлж суулгадаг. Муу бэхэлсэн үү, эсвэл сул тавьсан уу гэдгийг би мэдэхгүй. Бид тендерт ороод нийлүүлэх ёстой шар хайсыг нь нийлүүлсэн” гэсэн тайлбарыг өгсөн

Уг хэрэгтэй холбогдуулан анхаарал татаж буй бас нэгэн асуудал нь БНХАУ-д нэг метр нь 88-210 юаниар зарагддаг хайсыг 160 мянган төгрөгөөр нийлүүлсэн тухай юм. Хайсыг нийт 766.3 сая төгрөгөөр нийлүүлсэн бол суурилуулахад 38.5 сая төгрөг зарцуулсан байдаг. Нийт 804.8 сая төгрөгөөр тавигдсан хайс гэсэн үг. Гэтэл энэ их мөнгөөр босгосон хайс салхины ая даахгүй унаж  олон хүнийг хохироогоод байна.

Ямартай ч алдаа хаанаа гарсныг мэргэжлийн байгууллага тогтоож хуулийн дагуу хариуцлагын арга хэмжээ  авах ёстой.

-ДАЯН-БАЙГАЛЬ ХХК НЬ ОЮУТОЛГОЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧЭЭС ГАДНА ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УГТАХ, ҮДЭХ ХААЛГЫГ 700 САЯ ТӨГРӨГӨӨР БАРЬЖ БАЙНА-

Даян-Байгаль ХХК-ийн хувьд Өмнөговь аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Өмнө нь аймгийн цэцэрлэгийн засвар болон хэд, хэдэн барилгын тендерт оролцож байсан нь Өмнөговь аймгийн шилэн дансанд бүртгэлтэй байна. Тус компани нь өдгөө Оюутолгой компанид ханган нийлүүлэгч болсон байна.

Мөн Өмнөговь аймгийн орох, гарах хэсэгт байрлах хүндэтгэлийн хаалгыг мөн 700 саяар барьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус компанийн захирал А.Даяндоржийн хүү Д.Баттүшиг нь Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын корпорацийн гүйцэтгэх захирлаар мөн давхар ажилладаг байна. Уг бүтээн байгуулалтын корпорацийг Өмнөговь аймгийн бизнесмэнүүд хамтран байгуулж байжээ. ТУЗ-ын даргаар нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн менежер Д.Мөнхбат гэх залуу ажилладаг аж. Тиймээс Даян Байгаль ХХК-г тендерт ялалт байгуулахад Д.Мөнхбат гэх дээрх залуу тусалсан байх магадлалтай гэх хардлагыг зарим иргэд олон нийтийн сүлжээнд бичжээ.  

Хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жижиг компани нийслэлийн тендерт оролцож ялалт байгуулахад хэцүү. Тэгэхээр Даян-Байгаль компани нь нөлөө бүхий улс төрчийн дэмжлэгтэйгээр хайс, хашаа нийлүүлэх тендерт ялсан байх магадлалтай байгаа юм.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.