Хорих ангиас оргосон хэрэгтэнг Замын-Үүдээс баривчиллаа

Хорих ангиас оргосон хэрэгтэнг Замын-Үүдээс баривчиллаа

Энэ сарын 19-ны өдрийн 14:30 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 461-р ангиас оргосон хэрэгтэнг өнөөдөр өглөө 06.00 цагийн үед Замын-Үүдээс баривчилсан байна. 

Түүнийг Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх  гэж байхад нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилсан байна. 

Одоо Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс түүнийг шалгаж байгаа юм байна. Хэрэгтэн С.Төмөр нь 11 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан аж. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй нэгэн. 

Тодруулбал,

-2013 онд Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар нэг жил дөрвөн сар

-2014 онд Эрүүгийн хуулийн 145.2, 153.1-д зааснаар гурван жилийн ял авч байжээ.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг хулгайлах, 153 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх тухай зүйлчилсэн байдаг.

Тэрбээр хорих ангийн сэтгэлзүйчийн өрөөнөөс оргосон гэх мэдээлэл байгаа юм.