Д.Мөнхжаргал: Анх оргодол гэдгийг нь мэдээгүй, энгийн хүн орох ёсгүй газар ороод суучихсан байсан

Д.Мөнхжаргал: Анх оргодол гэдгийг нь мэдээгүй, энгийн хүн орох ёсгүй газар ороод суучихсан байсан

Энэ сарын 19-ны өдрийн 14:30 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 461-р ангиас оргосон хэрэгтэнг өчигдөр өглөө 06:00 цагийн үед хил гарах оролдлого хийх гэж байхад нь Замын-Үүдээс баривчилсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Улмаар хэрэгтэнг Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилсан талаар мэдээлэгдсэн.

Гэвч оргодлыг "УБТЗ" ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул Ү.Мѳнхбаяр анх илрүүлэн саатуулаагүй бөгөөд Замын-Үүд ѳртѳѳний ачаа вагон хүлээлцэгч нар болох н.Хишигдэлгэр, н.Чанцалдулам, Д.Мѳнхжаргал нар албан үүргээ гүйцэтгэж явахдаа олсон байдаг.  Улмаар “УБТЗ" ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул Ү.Мѳнхбаярт хүлээлгэн ѳгөхөд тэрбээр оргодолтой сээльфидэж цахим сүлжээнд байршуулсан билээ.

Оргодолыг анх хэрхэн яаж мэдэж, барьж авсан талаар Замын-Үүд ѳртѳѳний ачаа вагон хүлээлцэгч Д.Мѳнхжаргалтай холбогдон ярилцаж, цөөхөн хэдэн асуултад хариулт авлаа.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 461-р ангиас оргосон онц хүнд гэмт хэрэгтэнг хаана явж байхад нь хэрхэн барьж авсан бэ?

-Хоосон чингэлэгийн ломбыг суга татаж хаяад дотор нь ороод сууж байсан юм билээ. Тухайн үед манай Төмөр замын агентийн хоёр ажилтан болох н.Хишигдэлгэр, н.Чанцалдулам нар  чингэлэгийн дугаарыг шалгах гээд шагайтал цагаан кеттэй /гутал/ хүний хөл харагдсан гэсэн. Тэгээд станцаар "Энд нэг хүн байна" гэж мэдэгдэж, биднийг дуудсан.

-Тухайн үед ямар шинж тэмдгээр оргодол гэдгийг нь танив?

-Анх гэмт хэрэгтэн гэдгийг нь мэдээгүй. Гэтэл энгийн хүн орох ч ёсгүй, явах ч ёсгүй парк дотор орчихсон байсан.

-Төмөр замын ажилтнууд чингэлэгийг хэрэв шалгаагүй бол оргодол хил давах боломж байсан уу?

-Ямар ч боломжгүй. Хил дээр очоод рентген туяагаар шалгагдаж бүх зүйл нь харагддаг.

-Та бүхнийг барьсны дараа зугтах оролдлого хийж нилээдгүй юм болсон гэх мэдээлэл бий. 

-Вагоны цаагуур явж байхад хөл нь харагдаад байсан. Явж очоод гарыг нь бариад авахад миний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлээгүй. Хөөж гүйсэн зүйл ч байхгүй. Намайг бариад авсны дараа манай холбогч ажил хийдэг залуу “Өө, фейсбүүкээр оргодол залуугийн зураг яваад байсан. Наад хүн чинь яг мөн байна шүү дээ” гэж хэлэхэд л бид мэдсэн.

-Дараа нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн үү?

-Манайд “УБТЗ" ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул гэж бий. Тэдгээр харуул нь гав, буутай байдаг. Паркийн харуул Ү.Мөнхбаярт хүлээлгэж өгөөд гавлуулсны дараа цагдаа нар ирээд аваад явсан.

-Хотоос гарах бүх замуудад цагдаа нар шалгалт хийж байсан ч Замын-Үүд рүү очсон байсан. Тийшээ яаж очсон, хилээр ямар арга замаар гарах гэж байсан тухайгаа ярьсан уу?

-Би юм ярьж амжаагүй. Ажлаа хийж байсан болохоор харуулд хүлээлгэж өгчихөөд л яараад явчихсан.

Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр хонь өдөр

30 минутын өмнө