"Өргөө" амаржих газрын даргыг чөлөөлжээ

2019-06-24 16:18

"Өргөө" амаржих газрын даргыг чөлөөлжээ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Өргөө амаржих газрын дарга Г.Баясгаланг өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогоор түүний орон томилох хүнийг томилоогүй байгаа бөгөөд ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн тодорхойгүй байгаа юм байна.

Өнгөрсөн онд "Өргөө" амаржих газрын нярайн тасгаас тоног төхөөрөмжүүд алдагдсан хэрэгтэй холбогдуулан тус эмнэлгийн дарга Г.Баясгаланд сахилгын хариуцлага тооцож байсан юм. Мөн тус эмнэлэгт он гарснаас хойш хоёр эх эндсэн юм. Энэ мэтчилэн асуудлаас болж  Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гаргасан бололтой.

2019-05-31 10:40

Өргөө амаржих газарт амаржихаар очсон 37 настай эмэгтэй амиа алджээ

2019.05.30 – 2019.05.31-ний өдөрт шилжих шөнө Өргөө амаржих газарт дахин нэг эх амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Өргөө амаржих газарт амаржихаар ирсэн 37 настай эмэгтэй есөн сар бүтэн тээсэн хүүхдээ төрүүлэхээр ирээд амь насаа алджээ. 37 настай Ч нь өмнө нь дөрвөн хүүхэдтэй, тав дахь хүүхдээ төрүүлэхээр ирсэн байж. Гэр бүлийнхнийх нь хэлж буйгаар тэрээр хагалгаанд орохоор хүлээж, дусал тариа хийлгэсэн байсан бөгөөд үүнээс хойш хараа хяналтгүй орхисноос амь насаа алдсан гэлээ.  

Талийгаачийн ээж:

ӨРӨӨНДӨӨ ГАНЦААРАА, ОРОН ДЭЭРЭЭ ӨНГӨРСӨН

Миний охин Ч нь тавдугаар сарын 23-ны пүрэв гарагт Өргөө амаржих газрын төлөвлөгөөт хагалгаанд орохоор хэвтсэн. Долоо хоноод өчигдөр 17.38 минутын үед “Ээжээ зүгээрээ, дусал хийсэн” гээд ярьсан.

Орой 10.27 цагийн үед нөхөртэйгөө ярихад зүгээр байсан бөгөөд 03:19 цагийн үед нөхөр рүү нь танихгүй дугаараас залгаад эхнэр чинь сэхээнд байна, хурдан ор гэсэн. Ирэхэд нь нөхрийг нь оруулаагүй бөгөөд өрөөндөө ганцаараа өнгөрсөн байсан юм билээ.

Жижүүр эмч О гэдэг эмч байсан. Сэхээнд байгаа гэж худлаа ярьсан. Ямар ч арга хэмжээ аваагүй. Биднийг ирэхэд бүх юмыг нь цэвэрлэчихсэн. Хамраас нь жаахан цус гарсан байсан. Гомдолтой байна.

Хоёр хөлөөрөө явж ирсэн хүүхдийг минь ийм болгочихлоо. Өрөөндөө, орон дээрээ ганцааранг нь ургаас нь ч салгаагүй байсан. Малыг хүртэл ургаас нь салгадаг шүү дээ. Эмнэлгийн захиргаанд би одоо өргөдөл бичээд сууж байна. Энэ бүхнийг би худлаа гэж бодоод сууж байна.