Коронавирус мутацид орж халдварлах чадвар нь улам нэмэгдэж байгааг тогтоожээ

Коронавирус мутацид орж халдварлах чадвар нь улам нэмэгдэж байгааг тогтоожээ

Вьетнам улс дотооддоо дамжсан халдваргүй, нийт халдварын 417 тохиолдолтой, нэг ч хүн нас бараагүй цөөн улсын нэг байсан билээ. Гэвч долдугаар сарын 25-ны өдөр Вьетнам улсын аялал жуулчлалын төв болох Да Нан хотод коронавирусийн халдварын тохиолдол гарч, нэмэгдсээр байна.

Тэгвэл тус улсын эх баригчид өмнөхөөсөө илүү халдварлах өндөр чадвартай вирусийн хувилбар орж ирсэн талаар мэдээлжээ. Тодруулбал, Вьетнамын Эрүүл мэндийн сайд Нгуен Тан Лон өнгөрсөн ням гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр “Өмнөхөөсөө илүү халдварлах чадвартай вирус манай улсад орж ирснийг бид судалж тогтоосон.

Вирус мутацид орж халдварлах чадвар нь улам нэмэгдсэн байна. Вьетнамд орж ирсэн өмнөх вирусийн халдварлах чадвар 1.8-2.2 хүн байсан бол шинэ хувилбар нь дунджаар 5-6 хүнд халдварлаж байна” гэжээ.

Ням гарагийг хүртэл сүүлийн 11 өдрийн дотор Вьетнамын Да Нан хотод 174 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн юм. Зуны амралтыг тохиолдуулан өнгөрсөн сард Вьетнам даяар 1.4 сая гаруй хүн Да Нан хотыг зорьсон нь вирусийн дэгдэлтийг өргөжүүлэх эрсдэл үүсгэжээ.

Одоогоор Ханой хотод Да Нан хотоос ирсэн 50,000 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн байна. Хотын захиргааны мэдээлж буйгаар долдугаар сарын 8-наас хойш 72,000 гаруй хүн амрахаар Да Нан хотод ирсэн гэжээ.

Долдугаар сарын 25-нд Да Нан хотод анхны халдварын тохиолдол илэрснээс хойш Вьетнамд нийт халдварын тоо 672 болон нэмэгдэж, найман хүн нас бараад байна.

Эх сурвалж: Nikkei