Хятадын тал “засвар” нэрийдлээр Ганцмод боомтоор өдөрт 3-4 автомашин нэвтрүүлж, Монголын нүүрс, зэсийн экспортыг хязгаарлалаа

Хятадын тал “засвар” нэрийдлээр Ганцмод боомтоор өдөрт 3-4 автомашин нэвтрүүлж, Монголын нүүрс, зэсийн экспортыг хязгаарлалаа

Монгол Улс шатахууныхаа дийлэнх хувийг ОХУ-аас импортолж, уул уурхайн бүтээгдэхүүнийхээ гол зах зээлийг БНХАУ-д түшиглэдэг. Гэтэл хоёр хөршийн аль нэгнийх нь төмөр замын засвар, боомтын зохицуулалт, хилийн нэвтрүүлэх хүчин чадалд өөрчлөлт орох бүрд манай улсын импорт, экспортын урсгалд доголдол үүсэж, дотоодын зах зээл болон уул уурхайн үйлдвэрлэлд шууд нөлөөлж байна.

- ГАНЦ МОД БООМТОД ЖОЛООЧ НАРЫГ МАШИН ДОТРООС НЬ НҮҮР ЦАРАЙГААР ТАНИХ СИСТЕМ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛСЭН - 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өчигдөр шатахууны шуурхай штабын мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бензиний татан авалтаа хийж чадаагүй, олдоц муу байсан шалтгаан нь ОХУ-аас төмөр замдаа засвар хийсэнтэй холбоотой гэв. Нөгөө талд БНХАУ-ын тал Ганшуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх Оюу толгойн зэсийн баяжмалын тээврийн цувааны тоог бууруулснаас үүдэн, үйлдвэрлэсэн баяжмал овоорч хэвтэх нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Тодруулбал, БНХАУ Гашуунсухайт боомтоор нэвтрүүлдэг машины цуваа 13-15 байсныг 3-4 болгож бууруулснаар Оюу толгой сүүлийн 14 хоногт 300 сая ам.долларын боломжоо алдсан байна.

Энэ талаар Өмнөговь аймаг дахь хилийн боомтын захиргаанаас тодруулахад, БНХАУ-ын Ганцмод боомтод наймдугаар сараас эхлэн жолооч нарыг автомашин дотроос нь нүүр царайгаар таних систем нэвтрүүлж эхэлсэн нь хил нэвтрэх хөдөлгөөн удаашрахад нөлөөлжээ. Хятадын талаас уг ажил арванхоёрдугаар сарын дуустал үргэлжилнэ гэсэн билээ. 

Мөн үүнээс шалтгаалан Гашуунсухайт боомтоор нүүрс экспортлох тээвэрлэлт буурчээ. Ердийн үед хоногт жолоочтой болон автомат нийт 1,300 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг байсан бол сүүлийн дөрвөн хоногт хоногт 1,000 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байгааг хилийн боомтын захиргаа мэдээлсэн байна.

- 2016 ОНД ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛЫН ДАРАА БНХАУ ХИЛЭЭ ХААЖ, МАШИНЫ ЦУВАА ҮҮСЭЖ БАЙВ - 

Энэхүү нөхцөл байдлын талаар иргэд харин “Хятадын талаас засвар шинэчлэл хийж байна гэж худлаа яриад, хилээр оруулах машиныхаа тоог цөөрүүлж, хяналт шалгалтаа чангаруулдаг” гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Энэ ч бас ор үндэсгүй худал биш байж магадгүй.

Нэгэн түүх сануулахад, 2016 оны арваннэгдүгээр сарын 18–23-нд Төвөдийн буддын шашны тэргүүн XIV Далай лам Монгол Улсад айлчилсан. БНХАУ-ын тал айлчлалыг эрс эсэргүүцэж, Монголын талын энэ шийдвэр хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байв.  Тэгвэл энэхүү айлчлалын дараа Монгол, Хятадын хилийн худалдаанд хүндрэл үүсч 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нээс Ганцмод боомтоор нэвтрэх тээврийн хэрэгсэл бүрээс 10 юань, тээвэрлэж буй барааны тонн тутамд найман юанийн төлбөр авах, өндөр үнэтэй зэсийн баяжмалд ачааны үнийн дүнгийн 0.2 хувийн хураамж ногдуулах тухай мэдээлэл гарсан.

Хятадын тал гол боомтынхоо нэгээр нэвтрэх хөдөлгөөнийг хааснаар Ганцмодод олон зуун ачааны машин саатаж байлаа. Тухайн үед гадны хэвлэлүүдээр монголын жолооч нар цельсийн 20 хэмийн хүйтэнд хэдэн өдөр дараалан машиндаа хоног төөрүүлж буй тухай мэдээ хөвөрч байсан юм. Энэ үеэр ч мөн БНХАУ-ын зүгээс ямар учир шалтгаантайг хэлээгүй, боомтын шинэчлэл гэсэн үгээр аргацааж байсан юм.

Үүнээс хойш ч бас хэд хэдэн удаа засвартай хэмээн шалтаглаж боомтоо хааж байсан удаа бий. Тэгвэл тээврийн жолооч нарын өгч буй албан бус мэдээллээр Ханги мандал боомтоор нүүрс тээврийн машин огт гаргахгүй байгаа хэмээлээ. Мөн наймдугаар сарын 15- аас хойш татан авалт багасч, хяналт шалгалт нэмэгдсэн талаар ч мөн хэлж буй юм.

Эргэн сануулахад, наймдугаар сарын 14-ны өдөр Дорнод аймагт байрлах Хэрлэнтохой XXVIII талбайн хайгуулын ажлыг Г.Солонго, Г.Адилбиш нарын этгээдүүд очиж эсэргүүцсэн билээ. Үүний дараа наймдугаар сарын 18-нд нь БНХАУ-ын ЭСЯ-ны түр хамаарагч Цао Ли энэхүү үйл явдалд “ноцтой санаа зовниж” байгаагаа илэрхийлж, Монголын төрөөс Хятадын компаниудын хууль ёсны эрх ашиг, ажилчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах тодорхой арга хэмжээ авч, ийм явдал дахин гарахаас сэргийлэхийг шаардаж байсан билээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө