ШУУРХАЙ: Т.Аубакер сайд Казахстаны 200 гаруй иргэнд нийгмийн халамж олгосон байж болзошгүй хэргийг шалгаж байна

ШУУРХАЙ: Т.Аубакер сайд Казахстаны 200 гаруй иргэнд нийгмийн халамж олгосон байж болзошгүй хэргийг шалгаж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакер Казахстан улсын 200 гаруй иргэнд Монгол Улсын нийгмийн халамжийн тэтгэмж олгосон байж болзошгүй байна.

Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн зарим байгууллагад хяналт шалгалт хийхийг Авлигатай тэмцэх газарт даалгасан. Үүний дагуу өнгөрсөн сард АТГ болон бусад төрийн байгууллагын албан хаагчид тус аймагт ажиллах үеэр Монгол Улсын харьяатаас гарсан, гадаад улсын иргэдэд нийгмийн халамжийн тэтгэмж олгож байсан зөрчил илрүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, Казахстан улсын 200 гаруй иргэнд халамжийн тэтгэмж олгосон байж болзошгүй аж.

Энэ асуудалтай холбогдуулан Т.Аубакер сайдын томилгоонууд анхаарал татаж байна. Тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар өөрийн хүн гэгддэг З.Баурыжаныг томилсон бол З.Баурыжан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар А.Галияаг томилжээ. Дээрх томилгоонууд халамжийн тэтгэмжийг хууль бусаар олгох нөхцөл бүрдүүлсэн эсэх, уг үйл ажиллагаанд холбогдох албан тушаалтнууд оролцсон эсэхийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Монгол Улсын иргэдийн татварын мөнгөөр бүрддэг нийгмийн халамжийн сангаас гадаад улсын иргэдэд тэтгэмж олгосон эсэх, хэрэв зөрчил тогтоогдвол хариуцлага хүлээх албан тушаалтнуудыг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэх шаардлагатай юм. Энэ асуудлыг эргэн мэдээлэх болно.

Сануулахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Баян-Өлгий аймгийн Сагсай, Өлгий, Цэнгэл, Алтай сумын удирдах албан тушаалтнууд болон нийтийн албан тушаалтан нийт зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгажээ. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар энэ сарын 21-нд прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлээд байна.