Гулам Наби Низамани: Монгол Улc конгрессыг амжилттай зохион байгуулж чадах болов уу гэсэн айдастай байсан

Гулам Наби Низамани: Монгол Улc конгрессыг амжилттай зохион байгуулж чадах болов уу гэсэн айдастай байсан

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн тавдугаар конгресс  энэ сарын 2,3-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Конгресст Ази, Номхон далайн бүсийн 34, бусад тивийн ес, нийт 43 орны 700 орчим зочид төлөөлөгч оролцсон. 

Уг конгрессын үр дүнг дүгнэсэн хэвлэлийн хурлыг өнөөдөр /2019.07.04/ “Шангри-Ла” зочид буудалд хийсэн юм. Мэдээллийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Конгресст бэлтгэх техникийн ажлын хэсгийн ахлагч Г.Өнөрбаяр, Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг нар өглөө. 

Мөн энэхүү хуралд Ази-Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани, “Леонард Чешир” сангийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс дэх Суурин төлөөлөгчийн газрын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн зөвлөх Барха Хэнри нарын Олон улсын зохион байгуулах хорооны гишүүд оролцсон юм.

Гулам Наби Низамани: Монгол Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж чадах болов уу гэсэн айдастай байсан

Зочид Монгол Улс конгрессийн зохион байгуулалтад сайн жишиг тогтоож чадсныг онцлон тэмдэглэж байсан бөгөөд энэ тухай Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний дарга Гулам Наби Низамани “Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн конгрессыг анх удаа зохион байгууллаа. Энэ утгаараа би Монгол Улсын Засгийн газар энэ конгрессыг амжилттай зохион байгуулж чадах болов уу гэсэн айдастай байснаа нуухгүй ээ. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ маш амжилттай зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ асуудалд ач холбогдол өгч, тулгарсан бэрхшээлийг хамтдаа шийдэж чаддаг гэдгээ харууллаа. Конгрессыг Монголд зохион байгуулснаар танай улсын иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт нь сайжирна гэдэгт итгэлтэй байна. Энэ л конгрессын маш том үр дүн юм. Мөн дэлхийн бусад улс орон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэхийн тулд юу хийж байна гэдгийг ойлгож, харилцан суралцсан сайхан боломж байлаа” хэмээсэн юм.

Конгресст оролцсон нийт зочид төлөөлөгчдийн 40 гаруй хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлжээ. Мөн энэ үеэр 250 сайн дурын ажилтан, орчуулагч ажиллаж дотоод, гадаадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж байсан бол сонсголын бэрхшээлтэй хүмүүст дохионы хэлний 32 хэлмэрч конгрессын үйл ажиллагааг бүхэлд нь англи, монголоор хүргэж байсан нь “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриатай энэхүү арга хэмжээний онцлох үзүүлэлт байж чадсаныг ч мөн тэд онцлон тэмдэглэж байлаа.

Тус конгресст оролцогчид гурван үндсэн сэдвээр асуудлаа хэлэлцсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засгийн асуудал, эдгээр иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх сайн туршлагыг түгээх, нийгмийн оролцоог сайжруулах зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцсэн тус конгресст нийтдээ 85 илтгэл хэлэлцэгджээ. Тус хурлын үеэр “Улаанбаатарын тунхаглал” хэмээх баримт бичгийг баталж гаргасан байна. 

Улаанбаатарын тунхаглалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон асуудлыг үүнд тусгаж өгчээ. Тухайлбал бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг шийдвэрлэх, мөн нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, тэгш хамруулан хөгжүүлэх, бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч байгаа бүх төрлийн асуудлыг тусгаж өгчээ. 

Г.Өнөрбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж байна 

Мэдээллийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Манай улсад нийтдээ 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Хөдөлмөрийн эрхлэх насанд хүрсэн 70 мянга орчим иргэн байдгаас 20 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Тэд ихэвчлэн жижиг дунд бизнес эрхэлж, өөрсдийн ажлын байрыг бий болгосон байдаг. Хөдөлмөрийн хуулийн 111-р зүйлд 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуй нэгж байгууллагууд нийт ажилчдынхаа дөрөв болон түүнээс дээш хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулна гэсэн заалт бий. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байрандаа авч ажиллуулахгүй бол тухайн байгууллага өөрийнхөө дундаж цалингийн хэмжээгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төлөх тогтоол батлагдсан байдаг. Харамсалтай нь үүний хэрэгжилт төдийлөн хангалттай биш байна. Бид үүнийг сайжруулахын тулд Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Аж үйлдвэрийн тэнхим зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан 00 гэдэг ч юм уу, тиймэрхүү байдлаар ялгаварлах ёсгүй байдаг. Дэд бүтэц бүх хүнд хүртээмжтэй байх нь хамгийн чухал. Тэгэхээр бүх хүнд зориулсан ариун цэврийн байгууламж, орц гарцтай байх ёстой. Эдгээрийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж хий гэдэг албан шаардлага байдаггүй. Монгол улсад хүртээмжтэй орчин бий болгох асуудал учир дутагдалтай байгаа нь үнэн. Манай улсад явган хүний зам, барилга байшинтай холбоотой стандартууд байдаг . Энэхүү стандарт нь олон улсын түвшинд хүрсэн, маш нарийвчлалтай байдаг ч хэрэгжилтийн хувьд ахиц дэвшил хараахан гарахгүй байгаа. Үүн дээр бид Барилга хот байгуулалтын яам, МХЕГ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтарч ажиллах ажлын эхлэлийг тавиад байна. Барилга, дэд бүтэц, нийтийн тээвэр, бусад хууль, хүртээмжийн асуудал дээр бүрэн хуульчилж өгөхөөр ажиллаж байна.

Хамт олонд түшиглэн хөгжүүлэх Индонез улсын жишээ маш сайн жишээ байлаа. Тэд өөртөө туслах бүлэг байгуулаад бие биедээ туслан хөдөлмөр эрхлэх, өрхийн үйлдвэрлэл, газар тариалан эрхлэх зэрэг ажлуудыг хийсэн нь өндөр үр дүнтэй байсан. Энэ нь манай улсад хийж болох хамгийн боломжит ойрын жишээ" гэлээ. 

 




Өнөөдөр хулгана өдөр

8 минутын өмнө