Н.Энхбат: 39 настай залуу Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлыг барих төслийн захирлаар томилогдож байлаа

Н.Энхбат: 39 настай залуу Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлыг барих төслийн захирлаар томилогдож байлаа

Төв аймгийн нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд баригдсан нисэх онгоцны шинэ буудал барих бүрэн хэмжээний том төсөл өмнө нь манай улсад хэрэгжиж байсан удаагүй. Энэ утгаараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих төсөл монголчуудад томоохон туршлага болсон юм. Япон Улсын 65.6 тэрбум иенийн хөнгөлттэй зээлээр уг байгууламжийг барьсан. Улс төрчдийн байнга очиж тууз хайчилж, шоу хийдэг энэхүү томоохон байгуулалтын ард захирал Н.Энхбат тэргүүтэй дотоод гадаадын 150 гаруй компанийн 10 мянган ажилтан 11 жилийн хугацаанд гар нийлэн ажилласны үр дүнд өнөөдөр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал зорчигчоо хүлээн авахад бэлэн болжээ.

Шинэ онгоцны буудал нь гурван сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай, 21 онгоц хүлээн авах зогсоолтой, 32 багц ажил, 3.800 метр шоо дөрвөлжин талбайтай, хоёр талаасаа онгоц зэрэг бууж хөөрөх зориулалттай баригдсан түүхэн бүтээн байгуулалт юм. Мөн 800 метр куб хүчин чадалтай цэвэр усны байгууламж, мөн хэмжэээний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 автомашины ил  зогсоол, 200 автомашины дулаан зогсоолтой. Энэ “аварга”  төслийг эхлүүлж зураг төсөл, төлөвлөлтөөс  эхлэн бүхий  л зовлон, жаргалыг зохицуулж өнөөдрийг хүртэл шантралгүй ажиллаж уг төслийг амжилттай дуусган хүлээлгэн өгсөн төслийн захирал Н.Энхбатыг ЯРИЛЦЛАГЫН БУЛАНДАА УРИЛАА.

I-р ХЭСЭГ сонсох

II-р ХЭСЭГ сонсох

Эхнээсээ бидэнд томоохон сорилтыг авчирсан энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бүх зүйл дардан байж, ажил бүхэн нь  “ногоон гэрлээр” бүтэж байсангүй. Маш олон хүний хөлс, хүч, хөдөлмөр, зүтгэлээр амжилттай дууссан уг ажил дэлхийд амжилттай хэрэгжсэн цөөн төслийн ТООНД орж чаджээ. Харин хэрхэн, ямар замыг туулж байж энэ  жагсаалтад багтсан ТҮҮХИЙГ хүргэе.    

-Х.БАТТУЛГА САЙД НАМАЙГ ДУУДААД “ЭНЭ ХОЁР БИЧИГ БАРИМТЫГ ХҮЛЭЭЖ АВААД ОНГОЦНЫ БУУДАЛ БАРИХ ЁСТОЙ ШҮҮ” ГЭЖ ХЭЛЭЭД ЯВААД ӨГСӨН-

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барьж, байгуулах төслийг та 11 жилийн хугацаанд удирдсан. Монголын иргэний агаарын тээврийн түүхэн дэхь маш том бүтээн байгуулалтын төслийг Н.Энхбат гэдэг хүн амжилттай удирдаж өнөөдрийг хүрсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Та бидэнд өөрийгөө танилцуулна уу?  

-Намайг Наваанцэдэнгийн Энхбат гэдэг. Социализмын үеийн “бүтээгдэхүүн”. ОХУ, Монгол, АНУ-ын сургуульд сурсан. “Дэнжийн 1000” худалдааны төвийн хажууд үйл ажиллагаагаа явуулдаг байсан Авто замын баазад засварчин, жолоочоор ажиллаж, ажлын гараагаа эхэлж байлаа. Үүнээс өмнө армид алба хааж байхдаа автомашины жолоочийн мэргэжил эзэмшсэн байсан юм. Авто замын баазад ажиллах үедээ ажилчдын шалгалтад орж ОХУ-ын Новосибирск хотын барилгын сургуульд дулааны инженер мэргэжлээр суралцаж байлаа. Үүнээс хойш Монголдоо Олон улсын харилцааны дээд сургуулийг дипломат мэргэжлээр, Санхүү, эдийн засгийн дээд сургуульд эдийн засагч  мэргэжлээр, АНУ-ын Колорадогийн Техникийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Ажилласан түүхээ танилцуулбал, Дэд бүтцийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан. Дараа нь Аялал жуулчлалын үндэсний төвд ажиллаж байгаад Засгийн газрын тэтгэлгээр АНУ-д мастерын зэргээ хамгаалсан. АНУ-д суралцаж төгссөнийхөө дараа Монголдоо ирээд ажиллах ёстой гэж бодож байлаа. Их олон хүн тэнд үлдэж амьдарсан байх. Миний хувьд Монголдоо ирээд ажилласан залуучуудын нэг нь байлаа.

-Монгол залуус гадаадад өндөр боловсрол эзэмшиж ирээд Монголд ажиллахад маш хүндрэлтэй байдаг. Тухайлбал, ажлын байр, цалин хөлс, улс төрийн дарамт шахалт гэх мэт. Таныг Монголдоо ирж ажиллахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?

-2008 оны есдүгээр сард би АНУ-ын Нью Йорк хотод С.Баяр болон талийгаач Г.Батхүү нартай  уулзах завшаан гарч билээ. Бид  хувь хүний амьдралаас эхлээд улс орныхоо ирээдүйн талаар ярилцаж овоо удаан сууцгаасан. Тухайн үед С.Баяр дарга “Чи Монголдоо ирэх хэрэгтэй шүү. Гадаадад сурсан хүмүүс одоо л Монголоо хөгжүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн нь надад их тод үлдэж. Ингээд энэ хоёр эрхмийн нөлөөнд автаж, хоёр долоо хоногийн дараа Монголдоо буцаж ирэх онгоцны билетээ авчихсан сууж байлаа.

-Уг төслийг удирдах саналыг анх таньд хэн тавьж байв?  

-Монголдоо буцаж ирээд яамандаа буцаж ажиллах бодолтой байлаа. Одоогийн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үе. Бид хоёр оюутан ахуйн найзууд юм. Хашир “Том төсөл эхлэх гэж байна. Чи энэ ажлыг хариуцах хэрэгтэй. Яаманд бэлтгэгдсэн, товлосон боловсон хүчин алга байна” гэх маягтай мэдээллийг өгсөн. Төслийн тухайд бол 2008 оны тавдугаар сард зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээг тавдугаар сарын 25-ны өдөр соёрхон баталсан ч зургаадугаар сард нь сонгууль болоод Засгийн газар, УИХ-ын гишүүд солигдсон. Ингээд 2008 оны сонгуулийн үр дүнгээр УИХ, Засгийн газар шинээр байгуулагдсан. С.Баяр Ерөнхий сайдаар томилогдсон байв. Хамтарсан Засгийн газар байгуулах гэж удаж байгаад есдүгээр сараас ажил нь жигдэрсэн байх. Энэ мэт улс төрийн том өөрчлөлтүүдээс болоод уг төслийн эхлэх хугацаа хойшилсон байсан. Хамтарсан Засгийн газарт улс төрийн олон хүчин төлөөллөө оруулсан шүү дээ.

Тиймээс нэлээн олон хүн энэ төслийн захирлаар томилогдоно гэсэн хүлээлттэй байсан байх. Тэр дундаас хувь төөрөг, аз нь таарсан уу би шалгарсан. Ингээд энэ чиглэлийн ямар ч  туршлагагүй, яаж хийхээ мэдэхгүй 39 настай залуу 2008 онд уг төслийн захирлаар томилогдож, ажлаа эхлүүлж байлаа. Үүнээс хойш 11 жил ажилласан байна.Үүний дараа манай салбарын /Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам/ сайд Х.Баттулга надад хоёр хавтас бүхий бичиг баримтыг хариуцуулж өгөөд “Онгоцны буудал барих ёстой” шүү гэж хэлсэн. Одоогийн Ерөнхийлөгч маань тухайн үед манай салбарын сайдаар ажиллаж байсан шүү дээ.

-Сайд Х.Баттулга тантай уулзаад яг юу гэж хэлсэн бэ?  

-Дуу цөөтэй, олон үг ярьдаггүй хүн шүү дээ. “Энэ хоёр бичиг баримтыг хүлээж аваад онгоцны  буудал барих ёстой шүү” гэж л хэлсэн.  Яаж эхлэх үү гэж асуухад “Бичиг баримтад бүх ажлыг нь тодорхой тусгаад өгсөн” гэж хэлээд явсан.

-Таньд  яг ямар баримт бичгийг өгсөн юм. Тус баримт бичгийн дагуу ажил эхлүүлэхэд хангалттай байж чадсан уу?

-Зээлийн гэрээ болон онгоцны буудлыг барих япончуудын хийсэн судалгаа байсан. Түүнийг уншиж, лавлаад ажлаа эхлүүлсэн.  2008 оноос хойш өнөөдрийг хүртэл явсан замаа эргэж харахаар уг төсөл зогсох ч юм шиг, Хөшигийн хөндий, Налайхын алинд нь баригдах нь ч тодорхойгүй гэх мэт их олон даваа, нугачаан дундуур явсан байна. 2013 онд барилгын ажлын гэрээ болон хоёр дахь нэмэлт, зээлийн гэрээг байгуулсан. Үүнээс хойш Хөшигийн хөндийн нисэх онгоцны бүтээн байгуулалтын төсөл бодитой болсон. Үүний өмнө буюу 2008-2013 онд энэ төсөл хэрэгжих эсэх нь тодорхойгүй байлаа.  2008 оноос хойших хугацаанд зургаан Засгийн газар, есөн салбарын сайдтай ажилласан байна. Агентлагийн дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарыг тоолбол 10 гаруй хүн болно. Их л олон хүнтэй ажилласан байна. Энэ бүгдэд ажлаа шинээр танилцуулна, төслөө үргэлжлүүлж авч гарна, зөвөөр ойлгуулна гэх мэт олон үзэгдэл дундуур явсан байна. Харин өнөөдөр Хөшигийн хөндий гэх газрыг улс орон даяар мэддэг болжээ. Ажил бодитоор хийгдэж буй учир ойролцоох газар үнэд орж байна. Үүнийг дагаж бизнесийн хөрөнгө оруулалт их татагдах юм болов уу гэсэн хүлээлт үүсч эхэллээ. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын барилгын анхны шанг хатгаад эхлүүлж байсан гэж бодохоор азтай эсвэл өөртөө итгэхгүй ч юм шиг сэтгэгдлүүд төрдөг.

-Та уг төслийг хариуцаж эхлүүлэх үедээ “Би чадах болов уу” гэж бодов уу гэсэн эргэлзээтэй байсан уу. Хэр туршлагатай байсан бэ. Ер нь энэ төсөл бүхэлдээ  монголчуудад туршлага болсон шүү дээ?

-Ер нь ийм хэмжээний төсөл дээр ажилласан туршлагатай хүн Монголд байгаагүй л болов уу гэж бодож байна. 1990 оноос хойших 30 жилийн хугацаанд ийм хэмжээний объект цогцоороо баригдсан түүх манай улсад үгүй. Яах вэ, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлыг өргөжүүлэх Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжиж байсан. Хуучин буудлыг сайжруулах, томсгох, ангар барих хэмжээний төсөл юм. Харин эзгүй хээр иж бүрнээр нь нисэх онгоцны буудал байгуулах том төслийг удирдах боловсон хүчин байсан гэдэгт би эргэлзэж байна. Надад ямар юмны туршлага байх вэ. Өмнө нь яаманд ажиллаж байсан. Төрийн ажил хэрхэн явагддагийг мэдэх дөртэй, англи хэлтэй, хүнтэй ажиллах чадвараа хөгжүүлье гэсэн бодолтой л байсан. Уг төслөөс ганц би биш энд ажилласан монголчууд тэр бүү хэл гадныхан ч их зүйл сурч, туршлагатай болсон байх.

-11 жилийн хугацаанд дотоод, гадаадын хэдэн хүнтэй ажилласан байна?

-Тоолж үзээгүй юм байна.  Японы “Мицүбүши-Чиёода компаниудын түншлэл Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч, БНСУ-ын “Самсунг Си энд Ти”, Монголын Эм-Си-Эс-Пи компаниуд гүйцэтгэгчээр ажилласан. Төслийн мэдээлэлд бүртгэгдсэнээр 80 орчим туслан гүйцэтгэгч компани УГ ТӨСӨЛ ДЭЭР ажилласан байдаг. Дээрх туслан гүйцэтгэгч компаниас мөн ажил авсан 150 орчим компани бий. Уг 150 компанийн 70 орчим хувь нь дотоодынх. Судалгаагаар 10 мянга  орчим хүн уг төсөлд ажилласны 8500 нь монгол иргэн байсан.  Мөн 100 орчим солонгос, 50 орчим япон хүн ажилласан. Миний хувьд дээрх 10 мянган хүнтэй  бүгдтэй нь уулзах боломжгүй учир компанийн удирдлагуудтай уулзаж ажлаа явуулж байлаа. Багцаалбал 500-600 хүнтэй уулзаж, ярилцаад ажлаа хийж байсан. Гаднаас ирж ажиллаж буй менежментийн багтай байнгын холбоотой байсан. Япон, Солонгос, Монголыг оролцуулахгүйгээр 10 гаруй орон уг төсөлд нийлүүлэгч болон гүйцэтгэгчээр ажилласан байна. Иймэрхүү хүний нөөцтэйгөөр уг төсөл дээр ажилласан.

-ЯПОН, СОЛОНГОС ҮНДЭСТНИЙ ЗӨРЧИЛ ЭНЭ ТӨСӨЛ ДЭЭР ИХ ЦУХАЛЗСАН. ДЭЭРЭЭС НЬ МОНГОЛЧУУД ЯПОН, СОЛОНГОС ХОЁУЛАНД НЬ ДУРГҮЙ. ТЭР БҮРИЙГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГА ГАРДАГ БАЙЛАА-

-Олон орны хүмүүстэй ажиллахад мэдээж янз бүрийн л хандлага ажиглагдсан байх. Тэднээс монголчуудтай ажиллахад хүндрэл үүсч байв уу?

-Бид 40 жилийн хугацаанд төлөх хуваарьтай хөнгөлөлттэй зээлийг Японоос авсан. Эхний 10 жилдээ төлбөр төлөхгүй. Харин сүүлийн 30 жилдээ төлбөрөө төлөх зээл авсан. Үндсэн зээлээс гадна нэмэлт зээлийг авсан.  Эхний зээл нь жилийн 0.2 хувийн хүүтэй, дараа авсан зээл 0.1 хувийн хүүтэй. Эхний зээлийн 40 жилд цуглах хүү нийт хүү 8 хувь.  Жишээ нь зээлсэн 100 төгрөгөө 40 жилийн дараа 108 төгрөг болгож өгнө гэсэн үг юм. Хоёр дахь зээл нь 40 жилд дөрвөн хувийн хүүтэй. Ийм бага хүүтэй зээл байсан. Бид орон сууцны нэг жилд 8 хувийн хүүтэй зээл авах гэж яадаг билээ. Гэтэл бид нэг жилд биш 40 жилд эхний зээл 8, нэмэлт зээл 4  хувийн хүү төлнө гэсэн үг. Ийм бага хүүтэй зээлийг Япон Улсаас өгөхдөө тодорхой нөхцлүүдийг тавьсан. Тухайлбал, заавал Япон Улсын зөвлөх, гүйцэтгэгч компанийг ажиллуулах, нийт гэрээний үнийн дүнгийн доод тал нь 30 хувьтай тэнцэх худалдан авалтыг Японоос хийх ёстой гэсэн. Тэгэхээр 1000 долларын бараа худалдан авалтын 300 долларт нь Японы барааг авах ёстой болж байна гэсэн үг. Тэгэхээр төсвийн өртөг автоматаар өснө. Мөнгө өгчхөөд буцаагаад Япон руугаа аваад явчихдаг юм байна шүү дээ гэж ойлгогдоно. Энэ бол үнэн. Их мөнгөтэй улс гадаадад хөнгөлөлттэй зээл өгсөн тохиолдолд өөрсдийн аж, ахуй нэгжүүдээ дэмждэг бодлогоо давхар барьдаг юм  байна. Япон зөвлөх болон гүйцэтгэгч компанитай. Япон гүйцэтгэгч компани нь дороо Самсунг Си энд Ти Си энд Ти компанийн барилгын группийг туслан гүйцэтгэгчээр авсан. Дийлэнх ажлыг Самсунг Си энд Ти компани гүйцэтгэсэн. Самсунгийн 100 гаруй инженер менежмент, зураг төслийн ажлыг хийж бүх томьёоллыг бодож гаргасан. Тус компани Монголын 80 орчим компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Миний үүрэг бол зөвлөх, гүйцэтгэгч компанийн ажлыг хянаад гүйцэтгэлийг гаргах, нийт төслийг зангидаж явах ёстой байсан. Барилгын явцад шийдэгдэхгүй асуудал, томоохон шийдвэрүүд дээр шууд оролцох ёстой. Ингээд шийдвэрээ гаргаад ажиллах болонгуут нь зарим нэг зөрчил, маргаан гарч  эхэлсэн. Монгол, Хятадын ард түмний хооронд үндэсний таагүй зөрчилдөөн байдаг шүү дээ. Яг түүн шиг зөрчил япон, солонгосчуудын дунд байдаг юм байна.

-Бие, биенээ үгүйсгээд хоорондоо маргалдаад суучих уу?

-Тус хоёр улсын хооронд олон зуун жилийн харилцааны зөрчил байж иржээ. Одоо ч Япон, Солонгос улс технологийн салбарт бие, биетэйгээ өрсөлдөж байна. Яг ийм зарим хувь хүмүүсийн уур амьсгал уг төслийн ажил дээр илэрнэ. Бид асуудлаа шийдвэрлэхийн тулд менежментийн хурлаа долоо хоног бүр хийдэг. Тэр бүрт тус хоёр улсын ажилтнуудын хувь хүнийх нь уур амьсгал цухалзана шүү дээ. Энэ хоёр бие, биедээ сөрөг хандлагатай. Биенийхээ ажлыг үгүйсгэх энүүхэнд. Гэтэл төслийн нийт ажиллагсадын 85 хувийг эзэлдэг монголчууд хоёуланд нь дургүй байх нь бий. Япон, солонгосчууд газар нутаг дээр ирчхээд дээрэлхэх гээд байна уу гэсэн хандлагатай хүмүүс цөөнгүй. Мөн Хятадын хоёр ч компани ажилласан. Ингээд үндэстний соёл, хоорондын зөрчил болгоныг нэг багийн дор базаж явах ёстой болдог байв. Энэ бүгдэд менежмент хийсэн. Нэг зүгт харж ажиллуулахын тулд багийн менежмент хийж энэ төслийг хугацаанд нь дуусгах зорилт тавьж ажилласан. Энэ зорилт Японы болон Солонгосын компанийн удирдлагуудад хүрсэн. Ингээд захирлуудаас нь барилгын талбай дээр ажиллах ажилчдад тодорхой хэмжээгээр чиглэл ирнэ. Бүгд нэг завин дээр сууж зэрэг сэлүүрдвэл явна гэдэг уур амьсгалыг бүрдүүлэхэд ач холбогдол өгч ажилласан. Хамгийн гол нь тэвчээртэй байлгах ёстой. Нэгнийхээ үгийг даадаг ажлын өрөөнд асуудлаа шийдээд гараад мартчихдаг байх ёстой гэдгийг л би их хэлж ухуулдаг байв. Бид дотоод гадаад гэлгүй бүгд энэ төслөөс их зүйл сурсан.

-АНХНЫ СУДАЛГААНЫ  ДАГУУ БАРИЛГАА БАРЬСАН БОЛ ХҮМҮҮС НАМАЙГ БАРИАД ИДСЭН БАЙГАА -

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих төсөл дэлхийн амжилттай  хэрэгжсэн цөөн төслийн тоонд орсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Олон улсын жишгээс харахад 500 сая доллароос дээш төсөвтэй төслүүдийн 90-ээс дээш хувь нь хугацаандаа дуусч чаддаггүй ажил нь сунжирдаг юм байна. Үүнээс болоод зардал нь өсдөг асуудалтай тулгардаг. Харин амжилттай хэрэгжсэн 10 хувьд манай төсөл багтаж чадсан. Бид багийн сайн хамтын ажиллагаа, “тоглолт”-той  байсан. Сайн баг бүрдсэн учраас дэлхийн амжилттай хэрэгжсэн том төслүүдийн 10 хувьд нь багтсан. Би ганцаараа биш уг төсөл дээр ажилласан солонгос, япончууд хэлж байгаа юм. 100 төсөл хэрэгжлээ гэхэд 90 хувь нь сунжирдаг. Бид нарын хувьд сунжирдаг биш амжилттай  дууссан 10 хувьд нь багтсан. Монголд тэр бүр том төсөл хэрэгждэггүй учраас үүнийг бид онцолж харж мэдэхгүй  байгаа юм. Төсөл хэрэгжүүлдэг гадны улс орнууд “Хугацаандаа дууссанд баяр хүргэе” гэж хэлдэг. Бид “Бас мөнгө хэмнэсэн шүү дээ” гэхэд “Өө тийм үү. Үнэхээр мундаг байна” гэж ярьдаг. Манайхаас 10 дахин илүү төсөвтэй Оюутолгойн ил уурхайн төслийн төсөв нь хэрхэн хэтэрч байна. Далд уурхайн төсөл мөн хэтэрнэ гэж зарласан. Энэ бол амьдрал. Тэгэхээр том төслүүдийн 90 хувь нь төсөв нэмэгдэж, хугацаа сунжирдаг. Маш бага хувь амжилттай дуусдаг. Бид хугацаандаа төсвөө хэмнэж дуусгасан. Энэ бүх ганц  миний мундагаас бус багын хамт олон сайн ажилласных. Бид их сайн ажиллажээ гэж дүгнэж байгаа  юм. Bloomberg Word манай төслийг “Шилдэг төсөл”-ӨӨР зарласан. Харамсалтай нь бид шагналаа авч  чадаагүй.

-Яагаад?

-Японы Элчин сайд авсан.  Би Японы Элчин сайдад гомдол мэдүүлээд байна. Энэ  бол манай  багт өгөх ёстой төслийн шагнал шүү дээ.

-Өнгөрсөн хугацаанд улс төржилтөөс, Засгийн газар болон төрийн бусад байгууллагаас болж ажил саатах тохиолдол бишгүй байсан болов уу?

-Төсөл эхлэхээс л дээрх хүндрэл байсан. 2009-2010 онд нарийвчилсан судалгаа хийж зураг төслөө боловсруулсан. Анхны судалгааны дагуу барьсан бол хүмүүс намайг бариад идсэн байгаа. Анхны судалгаагаар онгоцны зурвастаа их ач холбогдол өгсөн төсөл байсан.  Дагалдах 7-8 барилгатай. Нийт 48 мянган мкв барилгын талбайн хэмжээтэй  байхаар судалгаанд тусгагдсан байсан. Би “Ингэж барихгүй. Энэ Монгол улсын нисэхийн төв буудал. Үүнийг сайн хийх ёстой. Олон улсын хэмжээнд тааруулж барих ёстой” гэж хэлээд зөвлөх компаниараа зураг төслийг хийлгүүлсэн.

Мөн  Монголын Засгийн газраас “Томоор нь хий. Ирээдүйгээ хар, төлөвлөлтийг нь хар. Ирээдүйд тэлж, томорно, сайжирна” гэсэн чиглэл өгсөн. Тэгсэн Японы хамтрагчид ирээд “Та нар зээл авсан анхныхаа хэмжээнээс хэт томоор төлөвлөж байна. Бид уг ажлыг санхүүжүүлэхгүй” гэж хэлсэн. Ингээд л анхны зөрчил үүсч манай төсөл таван сар зогссон. Энэ нь улс төрийнхний  зөрчил. Анх манай улс жижиг хэмжээтэй нисэх буудал барих судалгаа хийж зураг төсөл хийж түүндээ тааруулж  зээл авсан шүү дээ. Анх 28.8 тэрбум иенийн зээл авсан. Тухайн үед Сангийн сайдаар С.Баярцогт, салбарын сайдаар Х.Баттулга ажиллаж байсан. Энэ хоёр хүн “ Монголын талаас илүү гарах хөрөнгийг шийднэ” гэж ятгасаар байгаад асуудлыг тохиролцож төсөл цаашаа үргэлжилсэн. Өнөөдөр уг төслийн хүрээнд 85 барилга баригдсан. Нийт баригдсан барилгын ашигтай талбай нь 225 мянган мкв. Энэ болгоныг мэдэхгүй хүмүүс эхний зээлээрээ барьж дуусгах ёстой  ажил дээр дахин зээл авлаа гэж шүүмжлэх нь их.

-Дараагийн зогсолт хэзээ байв?

-2012 онд Засгийн газар солигдох үед төсөл бүр илүү их өөрчлөгдсөн. Тодруулбал, тухайн үед “Уг барилгыг барих шаардлага байна  уу. Хэт өндөр үнэтэй байна” гэж ярьж эхэлсэн. Налайхад баръя гэж ч ярьсан. Бүр сүүлдээ Төв аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн эсвэл МАН-ын гишүүдийн төсөл юм шиг улс төрийн ойлголт явагдаж эхэлсэн. Энэ төслийг дэмжих хүн нь багассан. Ингээд л санхүүжилтгүй зогсох асуудал яригдсан. Энэ үед салбарын сайдаар А.Гансүх ажиллаж төслийг маш сайн түлхэж байсан. Бид уг асуудлаараа Ерөнхий сайдтай маш олон удаа хуралдсан. Тухайн үед уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийг хамгийн их дэмжсэн хүн бол ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Сайханбилэг юм. Тэрбээр асуудлыг маш сайн ойлгож байсан. Энэ төсөл зогсвол бидэнд дахин ийм зээл олдохгүй. Олдлоо гэхэд барьж дуустлаа удна. Хөшгийн хөндийн 73 хувийн онгоцны зурвас байгуулах ажил дээр дахин 10 жил гацах юм байна гэдгийг маш ойлгосон. Ингэсээр 2013 оны 3 сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд бид бүгд оролцсон.

Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Бид ярилцаад нэмэлт зээлээ аваад барьж дуусгах шийдвэрийг гаргасан. Үүний дараа Японы Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан Ш.Абэ Монгол улсад айлчилж хоёр дахь зээлийг нааштайгаар шийдвэрлэж өгсөн. Ингээд л ажил бодиттой хөдөлж эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажлын гэрээг олон улсад хэрэглэдэг  оролцогч талуудын аль алиных нь эрх ашгийг хамгаалдаг ФИДИК гэрээгээр хийсэн. Уг гэрээгээр хоёр тал хатуу хариуцлага хүлээсэн учраас зогсоох зүрх зориг, тэнэглэл байгаагүй. Нөгөө талаас гэрээгээ зөрчөөд асуудлаа шийдвэр гүйцэтгэгч компани маш өндөр ялд унах учраас хэцүү. Тийм учраас аль хоёр тал бие, биенээсээ өө хайх гээд байдаг юм байна. Гадны компани Монголын талаас өө хайгаад “Танайх хэрэгцээтэй зүйлээр хангаж өгсөнгүй. Эзгүй хээр газар цахилгаанаар хангаж өгөх ёстой. Энэ нь манай талын алдаа биш танайх учраас алданги тооцно” гэх мэт наад захын асуудлууд зогсолтгүй үүсдэг байлаа.

-Анхны барилгын шанг тавихаас эхлээд л асуудлууд үүсчээ?

-Хоёр тал 2013 оны зургадугаар сарын 25-ны өдөр анх барилгын талбайд ажлаа эхлүүлнэ гэж тохирсон. Солонгос, япончууд  техникээ татаад л байлаа. Эзгүй хээр газарт хэдэн техник торойгоод л харагдана. Гэтэл барилгын ажил эхлэхээс гуравхан хоногийн өмнө надад албан тоот ирсэн. Албан бичгийн утга нь “Манай компани ажлаа эхлэхэд бэлэн болсон. Гэтэл танай талбайд хуучин цэргийн баазын туурь байна. Энд тэсэрч, дэлбэрэх аюултай хэрэгсэл үлдсэн байж магадгүй. Аюулгүй байдлын үүднээс баталгаа өгтөл ажлаа эхлэхгүй. Талбайгаа аюулгүй болгох зүйлээ та бүхэн хариуцах ёстой. Аюулгүй болгосон баталгаагаа хийж өгөхгүй бол алданги тооцоод сул зогсолтоо зарлалаа” гэсэн байсан. Энд Оросын цэргийн пуужингийн анги ажиллаж байсан юм байна.

Ингээд бид Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын талбайд сапёрын анги оруулж шалгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байв. Сапёрын анги авчирж ажиллуулахад цаг хугацаа шаардагдахаас гадна үнэ төлбөрийг шийдэх гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх шаардлага бий болсон. Тэгэхээр нь би пуужингийн ангид ажиллаж байсан найзыгаа авчирж гол терминал барих хэсгээ харуулж зөвлөлгөө хүслээ. Тэгэхэд ашгүй тус хэсгийг аюулгүй, айх зүйлгүй гэсэн. Би ажлаа явуулахын тулд том толгойлоод яг барилгын суурийнхаа хэсгийг зурж өгөөд “Энэ хэсэгт баталгаа гаргаж байна” гэж барилгын ажлыг эхлүүлж байсан. Сапёрын хороо сарын дараа ирж бусад хэсгийг шалгасан. Ингээд л талбайгаа аюулгүй болгож өгч байсан.

-11 ЖИЛИЙН ХУГАЦААНД НАМАЙГ АЖЛААС  ЧӨЛӨӨЛӨХ ТУШАА

ОЛОН  УДАА  ГАРСАН. ОДОО Ч ТООХОО БОЛЬЖ ДЭЭ-

-Үүнээс гадна Засаг солигдох бүрт таныг ажлаас тань чөлөөлөх асуудал яригдаж байсан байх?

-Барилгын ажил эхэлснээс хойш ажилтан халах, солих асуудал их яригддаг байсан. Тухайлбал намайг ажлаас чөлөөлөх тушаалын төсөл олон удаа гарсан. Анх маш эмзэг хүлээж авдаг байсан. Одоо ч тоохоо байж. Олон улсын төслийн онцлог нь бүх ажил гэрээний дагуу явагдана. Мөн санхүүжүүлэгч байгууллага, бүүр томоохон компаниудын дотоод гадаад аудитын шалгалт байнга хийгддэг байв. Энэ болгон дээр клиент талаас дарамт, хууль бус асуудлууд байгаа эсэхийг шалгах нь томоохон байр эзэлнэ. Энэ бүхний эцэст Н.Энхбат гэдэг хувийн эрх ашгаас илүү улсынхыг тавьдаг юм  байна гэдгийг анзаарсан болов уу, намайг дэмжиж тогтвортой ажиллахыг хүсдэг байлаа.

-Японы талаас таныг сольж болохгүй гэж гэрээнд тусгасан гэх мэдээлэл байдаг.  Энэ үнэн үү?

-Японы талаас энэ хүнийг солихгүй гэсэн шаардлага тавьсан. Би сайндаа ч биш ажлын онцлог, гэрээний хамгаалалтаас болж өдий олон жил энэ төслийг удирдсан байна. Эцэст нь дүгнэхэд тодорхой ажлыг тогтвортой удирдлагаар хангавал ажил амжилттай явагддаг  юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Аль хоёр жилийн өмнө зорчигчоо хүлээж аваад ашгаа аваад явж байх ёстой Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг гацаасан нь мөн л улс төрөөс л хамаатай биз дээ?

-Сая 7 сарын 5-ны өдөр хийсэн менежментийн гэрээг хийх ажил дөрвөн сайдыг дамжсан санагдаж байна. Олон асуудал сунжирахад нөлөөлсөн. Жишээ нь Япон талаас Менежментийг 30 жил хийхээр тооцоогоо хийгээд саналаа тавиад байж байтал гэнэт 15 жил болгоноо гэнэ. Гэтэл энэ бүх өөрчлөлтийг дахин тооцоход цаг хугацаа, хөрөнгө алддаг. Барилгын ажил дууссанаас хойш энэ объектыг хоёр жил зургаан сар хадгалж байна. Энэ бол тогтвортой удирдлагагүйн гор. Би 2015 он хүртэл ашиглалтын бэлтгэл ажил руу давхар орсон. Ингээд бүх ажилдаа бэлтгээд ашиглалтын багаа үүсгээд ажиллаж байтал дараагийн сайд нь томилогдож ирээд “Та ашиглалт хариуцахгүй. Зөвхөн барилгаа хариуц” гэж хэлээд тэс өөр хүмүүсийг ажиллуулж эхлүүлсэн. Тэр хүмүүс нь ажилтайгаа эхнээс нь танилцаж байгаа юм. Их ч том ажил.

2015 оноос хойш ашиглалтын багаа бэлтгээд 2017 оны нэгдүгээр сард хүлээлгэн өгнө гэж төлөвлөж байсан. Ашиглалтын баг нь бэлэн байсан бол энэ сарын 5-ны өдөр хийсэн гэрээг 2017 оны тавдугаар сард хийх байсан. Гэтэл энэ ажил гацсан учраас сунжирсан. Энэ барилгыг хоёр жил зургаан сар хадгалснаас болж  мэдээлэл, технологийн тоног төхөөрөмжүүд өнөөгийн эрин үеийн хурдацаасаа хоцорч эхлэнэ. Тэгэхээр одоо зарим нэг  тоног, төхөөрөмжийг шинэчлэхээс  өөр аргагүй. Ашиглалтад орсноор төслийг дууссан гэж тооцож болно. Гэтэл бид барилгаа  бариад дууссан ч ашиглалтад оруулж чадаагүй байна шүү дээ. Ашиглалтыг хариуцаад явах хүний нөөцийг шийдэх гэж хоёр жил зургаан сар боллоо. Үүний үндэс нь улс төрийн тогтворгүй байдлаас нь болсон. Бид улсаараа алдагдалд орсон. Гаднын төслүүдийг судлахад Барилгын ажил эхлэхтэй  зэрэгцэн ашиглалтын багийг бэлтгэж эхлэх ёстой. Ингээд барилгын ажил дуусахад ашиглалтын баг аль хэдийн ажлаа эхлүүлэх ёстой. Энэ менежментээр ажиллаагүйн улмаас объектыг хадгалах нөхцөл байдал үүсээд байна.

-Хэзээнээс зорчигчоо хүлээж авна гэж тооцоолж байгаа билээ?

-Ерөнхий сайд нэгдүгээр сард Хөшгийн хөндийд ирж ажиллахдаа “Наадмын өмнө нээхээр хичээж ажиллах ёстой” гэж хэлсэн. Салбар яам ажиллаж буйгаа харуулахын тулд сая менежментийн үйл ажиллагаанд шилжүүлэх гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгуулсан болов уу. Гарын үсэг зурах ажиллагаа гэхээсээ илүү нээлт болох нь гэдэг мэдээлэл их тарсан. Гарын үсэг ёслолыг Төрийн ордонд хийх байсанаа болиод энд хийхээр болсон нь магадгүй нээлт мэт ойлгогдсон байх.  Менежментийн баг гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш бэлтгэл ажил 10 сар болно гэж байгаа. Тэд л нээх өдрөө зарлах ёстой. Дэд бүтцийн хувьд бэлэн. Япончууд ажиллаад эхлэхээр нь бид шахаж ажиллах ёстой  юм шиг байна. Энэ нисэх онгоцны буудалд Нарита, Ханадэгийн нисэх онгоцны буудалд ажиллаж байсан хүмүүс ажиллана. Тэд асар их туршлагатай. Нэг нь терминалаа авч явдаг. Нөгөөх нь аэродром талаа хариуцна. Тэд Монголын талаас ирэх саад тотгороос хаширлаад нээх өдрөө тодорхой хэлэхгүй байна. Харин 49 хувийг эзэмшиж байгаа Монгол баг  нээх хуваарийг шахах ёстой. Аравдугаар сарыг зургаан сар болгох боломж ч байхыг үгүйсгэхгүй.

-Одоо хийгдээгүй дутуу үлдсэн ямар ажлууд байгаа вэ?

-Дээр би мөнгөний хэмнэлттэй ажилласан талаараа ярьсан. Нийт дүнгээрээ 50 орчим сая долларын хэмнэлттэй ажилласан. Засгийн газраас зээлийг ашиглах шийдвэрийг гаргасан. 50 сая доллароор онгоцны ангар барьж байна. Ийм ажилтай л би энд сууж байна. Түүнээс ажлаа өгөөд явчихсан байх ёстой. Ангар барих ажил зээлийн хөрөнгөөс санхүүжиж байгаа учраас би ажиллаж байгаа  юм. Зээлийн хөрөнгө  бус төсвийн хөрөнгөөр баривал тэндээс өөр хүн  томилно шүү дээ. Харин төсвийн хөрөнгөөр хоёр барилга барьж дуусгаж байгаа.

-Энэ ажлыг дуусгаад та ямар ажил хийх вэ?

-Гадны том төсөл хэрэгжүүлэгч нар амжилттай дууссан төслүүдийг судалж байдаг юм байна. Тэд манай төслийг ажигласан байна. Зарим газраас хамтарч ажиллах санал тавьж байгаа. Цалин, боломжийг нь харж байгаад гадагшаа гарч ажиллах болов уу. Энэ төсөл дээр ажилласан маш олон инженер гадагшаа гарч ажилласан. Энэ төслийн үр дүнгээр зөвхөн дотоодод биш гадаадад ажиллах хүчнийг бэлтгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Таньд ч мөн баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ