Түргэн тусламжаар очсон өндөр настны PCR шинжилгээний хариуг хүлээж байх зуур өвчтөн нас баржээ

Түргэн тусламжаар очсон өндөр настны PCR шинжилгээний хариуг хүлээж байх зуур өвчтөн нас баржээ

Энэ сарын 16-ны шөнө 00:56 цагийн үед Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд 64 настай иргэн биеийн байдал нь хүнд байдалтайгаар түргэн тусламжийн машинаар хүргэгдэн очжээ. Харин тухайн үед жижүүрлэж байсан эмч нь өвчтнийг хүлээн аваад, “өглөө ирж хэвтээрэй” хэмээн гэр лүү нь буцаасан боловч өвчтөн гэртээ ирээд өглөө нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Харин ар гэрийнх нь олон нийтийн сүлжээнд “PCR шинжилгээний хариу нь 72 цагийн дараа гарна. Тэгэхээр нь ирж хэвтээрэй” гэж хэлээд буцаасан гэж бичжээ. Энэ талаар өвчтнийг хүлээж авсан Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын эмч Ц.Октябрь “тухайн иргэн халуурсан гэсэн өгүүлэмжтэй байсан тул би PCR шинжилгээ авсан. Тухайн үед өвчтний биеийн байдал тогтворжсон байсан. Хүлээн авах дээрээ ажиглаад хонох боломж байсан. Гэхдээ буцаасан нь миний буруу байсан байж магадгүй. Ар гэрийнхнээс нь хүлцэл өчиж байна” хэмээн хэвлэлд мэдээлжээ.

Талийгаач нь зургаан удаа харвалт өгсөн, зүүн гар, хөл нь саажилттай, сахарын хавсарсан өвчтэй, олон жил даралт ихсэлтийн эмчилгээ хийлгэж байсан гэжээ. Цар тахлын үед шинжилгээний хариуны улмаас шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүй байгаад иргэд бухимдалтай байгаа юм.