АНУ Норвегид бөмбөгдөгч онгоц байрлуулсан нь ОХУ-д өгч буй сануулга гэв

АНУ Норвегид бөмбөгдөгч онгоц байрлуулсан нь ОХУ-д өгч буй сануулга гэв

АНУ-ын Агаарын цэргийн хүчин стратегийн ач холбогдол бүхий Арктикийн бүс нутагт өөрийн холбоотнуудаа аливаа зүйлээс хамгаалахаа батлан харуулах зорилгоор Б-1 бөмбөгдөгч онгоцуудаа Норвегид анх удаа байрлуулжээ.Үүнийг улс төр судлаачид ОХУ-ын хилийн ойролцоох түрэмгийллийн эсрэг өгч буй сануулга гэж үзэж байгаа талаар CNN тэргүүтэй томоохон агентлагууд мэдээлж эхэллээ. 

АНУ-ын Агаарын цэргийн хүчний B-1 бөмбөгдөгч дөрвөн онгоц, Техас дахь “Dyess Air Force”-ийн 200 гаруй албан хаагчийн хамтаар Норвегийн Орланд агаарын баазад байрлуулж байгаа бөгөөд ойрын гурван долоо хоногт ОХУ-ын баруун хойд хэсэгт орших Арктикийн тойрог болон олон улсын агаарын орон зайд үүрэг гүйцэтгэж эхлэх юм байна.

Ийнхүү Норвегид бөмбөгдөгч онгоцуудаа байрлуулж буйг Америкийн талаас ОХУ-ын болзошгүй түрэмгийлэлд хурдан хугацаанд хариу үйлдэл үзүүлэх боломжтой гэж тайлбарлаж байна. 

Гэхдээ шинэ Ерөнхийлөгч Жо Байден Кремльтэй харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж буй. Тэрээр ерөнхийлөгчийн суудалд суусныхаа дараа анхны дуудлагыг өнгөрсөн сарын сүүлээр В.Путинтэй хийж саяхан болсон кибер халдлага болон А.Навальныйгийн асуудлаар ярилцсан гэж  хоёр тал мэдээлсэн юм. 

Эх сурвалж: CNN