Уханьд ажилласан ДЭМБ-ын эрдэмтэд удахгүй судалгааны тайлангаа танилцуулна

Уханьд ажилласан ДЭМБ-ын эрдэмтэд удахгүй судалгааны тайлангаа танилцуулна

Өнгөрсөн сарын эхээр ДЭМБ-ын олон улсын шинжээчдээс бүрдэх 13 хүний бүрэлдэхүүнтэй баг коронавирусийн гарал үүслийг судлахаар БНХАУ-ын Ухань хотыг зорьсон билээ. Харин БНХАУ-ын зүгээс хилээр нэвтрэх эрх олгохгүй нэлээдгүй асуудал үүсгэсэн ч эрдэмтэд нэгдүгээр сарын 14-ний өдөр зорьсон газраа ирж, 14 хоног тусгаарлагдсаны эцэст албан ёсоор судалгааны ажлаа эхлүүлсэн. Тэгвэл судалгааны ажлынхаа эхний тайланг энэ долоо хоногийн сүүлээр танилцуулах аж.

Эрдэмтдийн багийн гишүүн Их Британийн амьтан судлаач Питер Дасказ “Блүүмбэрг” агентлагт ярилцлага өгөхдөө “далайн бүтээгдэхүүний захаас маш чухал сэжүүр илрүүлсэн” гэжээ. 

Коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрч, ДЭМБ албан ёсоор зарласнаас хойш Ухань хотыг захын үйл ажиллагааг зогсоож, наймаа эрхлэгчдийг худалдааны тоног төхөөрөмж, лангуугаа тэр чигт нь орхиж гарахыг тушааж байсан юм. Энэ нь эрдэмтэд судалгаа хийхэд нэлээдгүй дөхөм болсон байна. Эрдэмтдийн эхний ажил анхны дэгдэлттэй холбоотой эрдэм шинжилгээний хүрээлэн, эмнэлэг, далайн бүтээгдэхүүний зах дээрх хүмүүсээс ярилцлага авах байсан юм. Судалгааны эхний тайлан үүнтэй холбоотой байх болов уу хэмээн олон улсын хэвлэлүүд таамаглаж байна. 

Эх сурвалж: Guardian