Мьянмарын цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сум ашиглаж хоёр хүн хүнд бэртжээ

Мьянмарын цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сум ашиглаж хоёр хүн хүнд бэртжээ

Мьянмар улсад цэргийн хүчнийхэн засгийн эрхийг авснаас хойш  иргэдийн эсэргүүцлийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Нийслэл Най Пи Тав хотод хэдэн мянган хүн эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд цагдаа нар өчигдөр/2021.02.08/ жагсагчдыг тараахын тулд усан буугаар шүршиж байсан бол өнөөдөр резинэн сумаар буудаж, нулимс асгаруулагч хэрэглэж эхэлжээ. Улмаар хоёр иргэн хүнд бэртсэн байна. Одоогоор засгийн эрхийг аваад буй цэргийн удирдагч Мин Аун Хлаин хэд хэдэн хотод шөнийн цагаар хөл хорио тогтоож, олон нийтийн цугларалтыг хориглоод байгаа аж.

Тэрээр эсэргүүцэгчдэд шууд заналхийлэл тулгахаас аль болох зайлсхийсэн байр суурьтай байгаа ч төв телевизээр хууль зөрчсөн хүн бүхэнд арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн байна. 

Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын удирдлага, идэвхтнүүд, мөн төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мьин зэрэг тэргүүтэй нөлөө бүхий улс төрчдийг баривчилсан. Харин иргэд үүнийг эсэргүүцэж ардчиллыг сэргээхийн шаардан дөрөв дэх өдрөө жагсаж буй нь энэ юм. 

Эх сурвалж: CNN