АНЭУ Ангараг гарагийн тойрог замд хөлгөө амжилттай хүргэсэн дэлхийн тав дахь улс болов

АНЭУ Ангараг гарагийн тойрог замд хөлгөө амжилттай хүргэсэн дэлхийн тав дахь улс болов

2020 оны долдугаар сард Ангараг гараг руу АНУ, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс сансрын хөлгөө хөөргөсөн билээ. Тэгвэл өчигдөр /2021.02.09/ Улаанбаатарын цагаар 23.40 минутын орчимд АНЭУ-ын хөөргөсөн “Hope Probe” нэртэй тандан судалгааны хөлөг улаан гарагийн тойрог замд амжилттай нэвтэрчээ. Ингэснээр тус улс Ангараг гарагийн тойрог замд судалгааны хөлгөө хүргэсэн дэлхийн тав дахь улс болж байна. 

Арабчуудын хувьд энэ үйл явдал мөрөөдөл нь байсан гэж хэлж болно. Учир нь тус улс 2014 оноос эхлэн Ангараг гараг руу хөөрөх сансрын хөлгийн судалгааны ажлаа эхлүүлсэн юм. Судалгааны явц төдийлөн амжилт олохгүй удсан ч зургаан жилийн дараа зорилгоо биелүүлсэн тул түүхэнд бичигдэж үлдэх нь гарцаагүй юм. Энэ үйл явдлыг “Араб 1” телевизийн суваг шууд дамжуулсан бөгөөд иргэд төв талбайд цугларан төрийн дууллаа дуулжээ. 

Тус улсын судалгааны төхөөрөмжийг Японы "Hitachi Heavy Industries” компанид бүтээсэн пуужингаар, мөн Японы сансрын нислэгийн гарааны талбараас хөөргөсөн. Судалгааны төхөөрөмжийг гараг дээр буулгахгүй, тойрог замаас тандан судлах болно. 

Эмиратын Сансрын судалгааны агентлагийн дарга CNN-д ярилцлага өгөхдөө “Манай улс эдийн засгаа төрөлжүүлэх зорилгын хүрээнд сансрын судалгааг хөгжүүлж байна. Энэ ердөө эхлэл юм” хэмээн ярьжээ. Харин БНХАУ-ын хөөргөсөн сансрын хөлөг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр Ангараг гарагийн тойрог замд орж судалгааны төхөөрөмжөө буулгах бол АНУ-ын NASA-гийн сансрын хөлөг хоёрдугаар сарын 18-ны өдөр буух юм.  1971-2019 онуудад АНУ, Европын Холбооны Сансрын агентлаг, Япон, Их Британи зэрэг нийт дөрвөн улсын судалгааны хөлөг Ангараг гарагт хүрч байжээ. Ийнхүү тав дахь улс нь Саудын Араб, зургаа дахь улс нь БНХАУ болж байна. 

Эх сурвалж: APnews, CNN