Ахлах сургуулиа хаяж, орон гэргүй болсон ч тэрбумтан болж чадсан залуугийн түүх

Ахлах сургуулиа хаяж, орон гэргүй болсон ч тэрбумтан болж чадсан залуугийн түүх

Энэ бол ахлах сургуулиа завсардаж, орон гэргүй болсон ч шаргуу хөдөлмөрлөж 1 тэрбум долларын үнэтэй компанийн гүйцэтгэх захирал болж чадсан Тайхэй Кобаяши гэх залуугийн бодит түүх юм.

Тэрээр нэр хүндтэй ахлах сургуульд явдаг байхдаа өөрийн сонирхлоор  нэгэн амьд хөгжмийн хамтлагт харьяалагддаг байжээ. Удалгүй сонирхлоо даган хамтлагтаа илүү их цаг гаргахын тулд ахлах сургуулиа хаях үед эцэг, эх нь түүнийг гэрээсээ хөөжээ. Ингээд Кобаяши өдөржин хөгжим тоглож, ойр зуурын мөнгө олдог байсан ч удалгүй хамтлагаасаа гарч, гудамжинд амьдрах болжээ. Харин орон гэргүй болж, Токиогийн гудамжаар хоноглодог байсан Тайхэй Кобаяши удалгүй технологийн зах зээл дээр нэг тэрбум доллар давсан амжилттай стартап компанийг толгойлох болжээ.

-17 НАСТАЙДАА ГЭРЭЭСЭЭ ХӨӨГДӨЖ ТОКИОГИЙН ГУДАМЖИНД ЦААСАН ХАЙРЦАГ НӨМРӨН УНТДАГ БАЙВ-

Гарааны бизнес эрхлэгчид болон бусад пүүсүүдэд шинэ бизнесээ эхлүүлж, бүтээгдэхүүн зохион бүтээхэд нь тусалдаг Кобаяашигийн компани өнгөрсөн оны 7-р сард олон нийтэд нээлттэй болж, хувьцаа нь 3 дахин өссөн байна. Тэрээр 17 настайдаа гэрээсээ хөөгдсөн байх үедээ ихэнхдээ гадаа унтдаг байсан бөгөөд өвлийн хүйтэн шөнө цаасан хайрцаг ашиглан дулаан хоноглодог байжээ. Кобаяши нэг жил хагасын хугацаанд орон гэргүй, тэнэмэл амьдарчээ.

Харин нэгэн дотны найз нь түүнийг гудамжнаас холдуулж эцэст нь програм хангамжийн инженерийн ажилд оруулжээ.

Тэрээр 2012 онд Вьетнамд “Sun” гэх компанийг байгуулж, өдгөө Sun компанийн гүйцэтгэх захирал болсон байна. 37 настай Кобаяши өөрийнхөө амьдралын тухай хэвлэлд ярихдаа "Тэр өвөл маш хүйтэн байсан. Бүх зүйл там шиг санагдах үе байсан байж магадгүй. Гэхдээ би эдгээр үеийг даван туулсан” гэжээ. Мөн эцэг, эхийнхээ талаар “ахлах сургуулиа хаях шийдвэрийг сонсоод тэд маань цочирдсон. Учир нь намайг их сургуулийн боловсрол эзэмшүүлэхээр санхүүгээ төлөвлөсөн байсан. Шийдвэрээ хэлсний дараа тэд намайг яв гэж хэлсэн. Би ч явсан. Учир нь би дуртай зүйлээ хийж амьдралаа өнгөрөөхийг хүссэн” гэж ярьсан байна.

-ЗУРГААН ЖИЛИЙН ДАРАА ИНЖЕНЕРИЙН ШАЛГАЛТАНД ТЭНЦЭЖ, КОМПАНИЙХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАВЬЖЭЭ-

Энэ талаар Кобаяашигийн дотны найз Юши Фукагава “19 настайдаа амьд хөгжмийн клубын менежерээр ажилладаг байсан Кобаяшийг өрөвдөж, түүнд ажил санал болгосон юм. Тэр зургаан жил орчим хамтлагт ажилласан. Эцэст нь Кобаяши миний зөвлөгөөг дагаж цааш явах цаг болсон гэж шийдсэн. Тэр хамгийн эхлээд хөгжмийн бичлэгийг онлайнаар арилжаалж мөнгө олоод дараа нь ямар ч мэргэжил, туршлага шаарддаггүй ажилд орсон.

Харин түүний хамгийн чухал зүйл бол зургаан цаг үргэлжилсэн шалгалтанд тэнцэж чадсан юм. Тус шалгалтаар элсэгчдийн математикийн ур чадвар, логик сэтгэлгээ зэргийг шалгасан. Ийнхүү Коябаши програм хангамжийн инженерээр суралцаж эхэлсэн дээ” гэж ярьсан юм. Тэрээр Sun компаний үндэслэгчдийн нэг Макото Хирайтай суралцаж байх үедээ танилцжээ. Улмаар програмчлалын чиглэлээр мэргэшсэн болон бизнесийн загвар гаргах чадвартай цөөн хэдэн найзуудтайгаа нийлж компани байгуулахаар шийдсэн байна.

-ӨДГӨӨ КОМПАНИ НЬ ЗАХ ЗЭЭЛД 1.4 ТЭРБУМ ДОЛЛАРААР ҮНЭЛЭГДЭХҮЙЦ АМЖИЛТТАЙ СТАРТ-АП БОЛЖ ЧАДЖЭЭ-

Кобаяши 2012 онд Вьетнам руу явж тус улсын залуу инженерүүдийн сангаас ажилтнуудаа сонгожээ. Ингээд 2013 оны 3-р сард үүсгэн байгуулагч гишүүд нь Framgia Inc-ийг Японд байгуулан 2019 онд нэрийг нь Sun болгон өөрчилжээ.

Тус компаний хувьцаа 9 дүгээр сард бараг зургаа дахин өсч дээд түвшинд хүрч, зах зээлийн үнэлгээ нь 1,4 тэрбум доллараас давжээ.

Одоо Sun компани орлогоо жилд доод тал нь 20-30 хувиар нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэ жил Токио дахь оффисынхоо тоог хоёр дахин нэмэгдүүлж 130 орчим ажилтантай болжээ. Харин тэдний Вьетнам дахь салбар нь 1300 орчим ажилтантай пүүсийн хамгийн том оффис хэвээрээ байгаа юм. Компаний гүйцэтгэх захирал Кобаяаши эрсдэлийг мэддэг ч түүнээс айдаггүй гэсэн үзэл бодолтой ажилладаг нь түүнийг амжилттай байлгадаг байна.

Учир нь тэрбээр өмнө нь үүнэс илүү хүнд бэрхшээлтэй тулгарч байсан гэж ажилчиддаа ярьдаг аж. Гэрээсээ хөөгдсөнөөсөө хойш тэр эцэг эхтэйгээ дахин холбогдож, харилцаагаа сайжруулсан бөгөөд гудамжинд өнгөрүүлсэн цаг хугацаа нь холын дурсамж болон үлджээ. Одоо түүний хувьд хийхийг хүсч байгаа хамгийн чухал зүйл бол компанийнхаа хэтийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд үргэлжлүүлэн амжилттай ажиллах юм.