ВИДЕО: Эзэнгүй аралд 33 хоног гацсан гурван иргэнийг санамсаргүй олж, аварчээ

ВИДЕО: Эзэнгүй аралд 33 хоног гацсан гурван иргэнийг санамсаргүй олж, аварчээ

АНУ-ын эргийн хамгаалалтын алба Багамын хүнгүй аралд 33 хоног гацсан, төөрсөн гурван хүнийг аварчээ. Тодруулбал, албаныхан арлын ойролцоо эргүүлд явж байхдаа Багамын Ангилла Кэй хэмээх хүнгүй арал дээр далбаа мандуулсныг санамсаргүй байдлаар олж харсан байна.

Улмаар арлын зүг очиход Куб улсын гурван иргэн 33 хоног гацсан гэдгээ хэлж, эмнэлгийн тусламж хүсжээ. Тус гурван иргэн сар гаруйн өмнө сууж явсан завь нь живснээр арал руу сэлж амьд үлдэж чадсан бөгөөд энэ хугацаанд наргил модны шүүс, дун, харх зэрэг амьтдаар хооллож байжээ. 

Аврах ажилд оролцсон багийн гишүүдийн нэг нь ВВС-д өгсөн ярилцлагадаа "Тэд ийм удаан хугацаанд тэсэж чадсанаа үнэхээр гайхаж байсан. Энэ арлыг холоос харвал ой модноос өөр юу ч байхгүй мэт санагддаг.

Гэтэл тэр өдөр далбаа маягийн зүйл миний анхаарлыг татсан. Яваад очтол их ядарсан байдалтай гурван хүн байсан.

Бид яаралтай аврах ажиллагааны хэрэгсэлгүй байсан тул тэдэнд хоол, ус, радио өгөөд буцсан. Дараа нь манай аврах ажиллагааны баг ирж тэдэнд тусламж үзүүлсэн” гэжээ. Аврах багийнхан өчигдөр/2021.02.10/ тус гурван иргэнийг нисдэг тэргээр аварч, Флорида дахь эрүүл мэндийн төвд аваачсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж. Эмнэлэгт үзүүлсний дараа тэднийг АНУ-ын Цагаачлал, гаалийн албанд шилжүүлсэн талаар Эргийн хамгаалалтын газар мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC